
Монголын Арванбайт Боулингийн Холбооны 25 дах удаагийн лигийн тэмцээн Паркийн боулинг төвд амжилттай болж өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн ангилалд лигийн хошой аварга Б.Мягмарцэнд гурав дах түрүүгээ авсан бол Т.Дорждэрэм хоёр дахиа үзүүрлэж, Т.Туул удаалав. Эдгээр тоглогчид бүгд спортын 1-р зэрэгтэй,УАШТ-нээс алт, мөнгө, хүрэл медаль авч байсан туршлагатай тоглогчид юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Вагнер Ази ВАТТ компанийн тамирчин С.Түвшинбаатар 169,20 дундаж оноогоор анх удаагаа түрүүлж, лигийн тэмцээнд түрүүлсэн 19 дах тоглогчоор тодорлоо. Тэрээр урьдчилсан тоглолтоос дөрвөөр гарсан ч шигшээ тоглолтонд 178,50 дундаж онооны үзүүлэлттэйгээр ийнхүү тэргүүн байрт шалгарч чаджээ. Харин лигийн тэмцээнд дараалан гурвалаад байсан 1-р зэрэгтэй тоглогч Ц.Батжаргал байраа ахиулан үзүүрлэсэн бол мөн сүүлийн хоёр лигт түрүүлж, аман хүзүүдээд байсан 2-р зэрэгтэй тоглогч Д.Дамдин эхний гуравт дахин орж, Ч.Даваадорж,Б.Батбаяр, 2-р зэрэгтэй тоглогч Н.Тамир нар шагналт байруудад шалгарсан байна.
Ц.Болор