Японы Кюшю арал усанд автжээ

Японы Кюшю арлын өмнөд хэсэг бүхэлдээ усанд автсан бөгөөд 400 мянган оршин суугчийг нүүн шилжүүлэх тушаалыг орон нутгийн засаг захиргаанаас тавьжээ. Одоогийн байдлаар хөрсний нуралт болж, 24 хүн нас барсан бол найман хүн сураггүй болжээ. Тус арлын гол эргээсээ хальж, улмаар Фукуока, Кумамото, Сага, Оита зэрэг мужид хэдэн зуун барилга, байгууламж усанд автаад байна. Түүнчлэн үерт автсан зарим дүүргийн оршин суугчид гэрээ орхин нийтийн байр, сургуулийн байранд түр орогноод байгаа аж. Японы ерөнхий сайдын өргөөнд байгалийн гамшигтай холбоотой мэдээллийг цуглуулах тусгай штабыг байгуулан ажиллаж байна. Аврах багийнхан өнгөрсөн бямба гарагт ойролцоогоор 50 мянган хүнийг үерийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ. Мөн гамшгийн бүсэд төмөр зам эвдэрсэн байгаа бөгөөд цаг уурчдын мэдээлж буйгаар ширүүн бороо энэ долоо хоногт ч үргэлжлэх гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn