2015 он хүртэл Лондоны металын биржийг өөрчлөхгүй

Одоогоос 135 жилийн өмнө байгуулагдаж байсан Лондоны металлын биржийг Хонгконгийн бирж 1.4 тэрбум фунт стерлингээр худалдаж авахаар санал тавьсан тухай манай сайт мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ сарын 25-нд тус биржийн хувьцаа эзэмшигчдын хурлаар уг худалдааны хэлцлийг дэмжих үү, үгүй гэдгийг шийдэхээр болжээ. Томоохон хувьцаа эзэмшигчдын нэг “JP Morgan” Хонгконгийн биржийн худалдааны саналд таатай хандаж байгаа ажээ. Харин зарим эзэмшигчид энэхүү хэлцлийг эсэргүүцэж байгаа гэнэ. Учир нь тэд олон жилийн түүхтэй металын биржийн ирээдүйн гэрээт худалдааны онцлог чанар, шимтгэл багатай зэрэг давуу талыг “Хонгконг ” алдагдуулна хэмээн эмээж байгаа юм. Харин Хонгконгийн биржийн гүйцэтгэх захирал Чарльз Ли хамгийн багаар бодоход 2015 он хүртэл Лондоны металын биржийн одоогийн хэлбэрийг огт өөрчлөхгүй гэдгээ илэрхийлжээ. Энэ сарын сүүлээр тус биржийн хувьцаа эзэмшигчид уг хулалдааны хэлцлийг зөвшөөрвөл хоёр улсын Засгийн газрын зөвшөөрлийг хүсэх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn