
Туркийн ЭМЯ-ны төлөөлөгчид Баян- Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг болон эмнэлгийн бусад байгууллагуудад үнэлгээ хийсэн байна. Зөвлөлдөх уулзалтын үеэр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажилд хийсэн дүгнэлтээ танилцуулж, хоёр улсын эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагаанд тусгагдсан үйл ажиллагааны явц, хэрэгжилтийн талаар харилцан ярилцжээ. Мөн Туркийн төлөөлөгчдийн тэргүүн ноён Камуран Баян-Өлгий аймгийн Толбо сум болон аймгийн нэгдсэн эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул шинээр эмнэлэг барих хэрэгцээ, шаардлага байгааг дурдаад, энэ талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн аж. Түүнчлэн ерөнхий мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, сэхээн амьдруулах, нойрсуулах болон эмнэлгийн ерөнхий чиглэлүүдээр эхний ээлжинд 20 хүртэлх тооны эмч нарыг Турк улсад эмнэл зүйн урт, богино хугацааны дадлагажуулах сургалтад хамруулах талаар санал тавьсан байна.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын хооронд тогтмол шууд нислэг хийгдэх болсон нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой үйл явдал болж байгааг тэмдэглээд цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хоёр тал идэвхтэй ажиллахаа мэдэгдсэн юм.
Ц.Болор