зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Тавьдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ТАВЬДУГААР БҮЛЭГ:


СЭТГЭЛ СААРМАГ ГОРЬ ХҮРЭХ НЬ ШУНАХАЙ ХҮСЛЭЭС ШАЛТГААЛАВ

САНАА ТӨӨРӨГДӨН СЭРЭМЖГҮЙДЭХ НЬ ШУЛАМД УЧРАХААС БОЛОВ

 

Шүлгийн үг:

 

            Огоот сэтгэлийн хирийг арилган санааны буртгийг угааж

            Үснэрт малгайг алма гангад яасан ч битгий унагаа,

            Эх биеийг үүрд эрүүл цэвэр байлган чадваас,

            Үүсгэлийн эх учрыг сая шүүмжлэн хэлэлцэх болмуй.

            Чанарын зулыг засан чанадын голын усыг уу,

            Цаг ямагт хицээж сэтгэлээ сайтар барь.

            Өдөр шөнөгүй амарлан алсын замыг хөөвөөс,

            Өрлөг гавьяа үлэмж зүтгэл үтэр түргэн бүтмүй. 

 

Энэ нэгэн бадаг дууллын нэрийг Нан Кэ Зы хэмээмүй. Тухайлан Тансагийн Тэнгэр голын зовлонгоос мултраад цагаан Юан мэлхийн нуруунаа гишгэн тэртээ хөвөөнд гарсныг өгүүлжээ. Түүнээс багш шавь дөрвүүл их замыг барин баруунш аялсаар атал төв хэмээн тэсгэм хүйтэн өвөл болов. Үзвээс, зам цухал, эрэг гүн, чулуу арвин хад сүрлэг тул Тансаг морин жолоо татан: “Аяа, шавь нар минь” хэмээн дуудахуйд Бичин даруй Гахай Шороог дагуулан урагш давшиж: “Багш ямар захиа байх буй?” хэмээсэнд, Тансаг өгүүлрүүн: “Энэ уул маш өндөр сүрхий тул барс чоно хорт араатан байж хүнд хор хийх магад, та хичээгтүн!” Бичин өгүүлрүүн: “Багш сэтгэлээ сул тавь, бид ах дүү гурвуул сэтгэл нийлэн үнэний мөрт орж төв ёсыг олсугай хэмээн адыг арилган шулмыг дарах увидсыг сурсан тул юунаас эмээмүй!” Тансаг үгийг сонсоод дотор уужран урагш эчив. Уулан завын аманд хүрч тэргүүн өргөн тэр уулыг нарийвчлан үзвээс үнэхээр гайхалтай ажгуу:

 

            Асга оргил сүмбэрлэн агаар тэнгэрт тулаад,

            Аварга хад сэгийлцэн хөх үүлнээ шургажээ.

            Барзгар чулуу барс хэвтсэн мэт, налууу нарс нисэх лууд адил.

            Давааны дээр донгодох шувууны эгшиг үнэхээр яруу,

            Эргийн өмнөх тэргүүлэгч цэцгийн анхилах үнэр сайхан.

            Горхины ус гор гор урсгал хүйтэн,

            Уулын үүлс хөвхөс хөвхөс нүүх нь түргэн.

            Бас тэр будран хаялах цас,

            Хуугин үлээх салхи нь үзвээс,

            Өлөн барс уулан дотор урхирах мэт,

            Өвлийн хэрээ модыг эрэн суух газаргүй.

            Хээрийн буга нөмрийг даган тогтох бэлчээр алга,

            Аяны хүн урагшилж үл чадаад,

            Хөмсөг зангидан зовнимуй.

 

Тэндээс багш шавь дөрвүүл хүйтнийг сөрөн цасан дундуур урагш дөхсөөр тэрхүү өндөр давааг даван гарваас холоос уулын хормойд асар тагт сүндэрлэж гэр байшин харагдмуй. Тансаг морин дээрээс их л баясан: “Шавь минь, өдөр дуусан яваад өлсөх бөгөөд даарчээ, тэр лав нэг айл буй за, бус бөгөөс сүм хийд буй за, бид тэнд хүрч бага сага цав бадарлаж идээд жич явсугай” хэмээсэнд Бичин яаран нүд өргөн үзвээс, муу уур тэнгэрт тулжээ. Бичин хойш эргэн багшдаа ийн өгүүлрүүн: “Тэр нь сайн газар бус.” Тансаг: “Тэр орд харш бус буюу, юунд муу хэмээмүй?” Бичин инээн өгүүлрүүн: “Багш минь, чи үүнийг хэрхэн мэдмүй? Баруун зүгийн замд чөтгөр шулам арвин, тэд хуурмагаар айл гацаа орд харшийг байгуулан хүнийг хорлодог бөлгөө. “Луун нэг үүрийн есөн зулзага цөм өөр өөр”, түүний дотор “Зэрэглээт луу” хэмээгч буй, тэр нь зэргэлээ тавин гэрэл гаргаж орд харш нуур цөөрөм болгон чадмуй, хэрвээ их мөрнөө тохиолдон төөрвөөс тэр даруй энэ мэт хувилгамуй. Жигүүртэн шувуу үүнийг үзвээс эрхгүй амран суухаар нисэн ирмүй, тийн бөгөөс түм мянгыг битгий өгүүл, цөмөөр түүнд сорогдон залгигдмуй. Энэ нь хүнд их л хөнөөл болох дээр тэр газрын уур өнгө нь их л муухай тул хэрхэвч одож болохгүй”.

 

Тансаг өгүүлрүүн: “Тийн бөгөөс одохыг байсугай, гагц би үнэхээр өлсмүй.” Бичин өгүүлрүүн: “Багш өлсөх бөгөөс мориноос бууж энэ газарт амран суутугай. Би одож цав бадарлан ирж идүүлсүгэй.” Тансаг үгийг даган мориноос буув, Гахай бээр цулбуурыг барин, Шороо нь амьтай буудлыг дэлгэн бадар аягыг гаргаж Бичинд өгөв. Бичин бадар аягыг тосон авч Шороод захин өгүүлрүүн: “Мэргэн дүү, яасан ч тэнд эчиж болохгүй, багшийг сайтар сахиж суугтун, намайг цав бадарлан ирсэн хойно хамт баруунш явсугай” хэмээсэнд Шороо хүлээн авав. Бич бас Тансагт: “Багш минь, энэ газар сайн ёр цөөн, муу ёр үлэмжийн тулд хэрхэвч өөр газар битгий явагтун, өвгөн Сүн би цав бадарлаар явмуй?” Тансаг өгүүлрүүн: “Олонтаа өгүүлэх хэрэггүй, гагц чи хурдан одож түргэлэн иртүгэй, би чамайг хүлээсүгэй.” Бичин хэдэн алхам яваад бас эгэн ирж: “Багш минь, би чиний сууж тогтохгүй занг мэдмүй, би чамд нэгэн бие тогтоох увидас хийж өгсүгэй” хэмээн шийдмээр газрыг гортиглон зурж Тансагийг дунд нь суулган, Гахай Шороог зүүн баруун хоёр этгээдэд зогсоож, морь болон амьтай буудлыг биеийн үр болгоод Тансагийн зүг алгаа хамтатган өгүүлрүүн: “Миний энэ гортиг нь төмөр хэрэм мэт бэх бөлгөө, ямар ч араатан шулам ад чөтгөр айшгүй ойр нь үл ирмүй, гагц та тогтоод сууж гадагш эс гарваас аюулгүй болой, хэрвээ гортигоос гарваас лавтайяа зовлон болмуй, иймийн тул хичээсэн дээр хичээх хэрэгтэй!” Тансаг үгийг даган шавь лугаа хамт гортигийн дотор орж суув.

 

            Бичин үүл хөлөглөн айл эрэн урагш явж атал, гэнэт ой мод нягт ургасан нэг айл харагдмуй. Бичин үүлээс бууж нарийвчлан шинжвээс:

 

            Удны салаа цасанд дарагдаад

            Усан цөөрөмд мөс хөлджээ.

            Сугдмал хулс ногоорон

            Чаргай нарс хөхөрмүй.

            Гөрмөл гэр мөнгөөр чимэгдэн,

            Гүүр хэрсэг оогоор өнгөлжээ.

            Сэр сэр хүйтэн салхи ариун үнэрийг авчравч

            Цагаан цас бүрхээд тэргүүлэгч цэцэг үл харагдмуй.

 

Бичин гацааны үзэмжийг үзэн явж атал, хаалга нээгдэх дуу гарч нэгэн өвгөн гарт царсан тачг барин, тэргүүнд үст малгай тарж, биед хуучин дээл хэдрэн, хөлд өвсөн шаахай өшиглөн гарч ирээд тэнгэрийг харан өгүүлрүүн: “Баруун хойноос салхилав, маргааш арилах буй за” хэмээтэл хойноос нэг хав нохой гарч ирэн Бичинийг үзэн хуцахуйд өвгөн хойш харан Бичинийг олж үзэв. Бичиэ бадар аягаа барьж урагш давшин өгүүлрүүн: “Өглөгийн эзэн өршөөмү, тойн би зүүн газрын их Тан улсын зарлигаар баруун тэнгэрийн орноос ном залаар эчих бөлгөө, эргийн үүгээр өнгөрөхүйд миний багш өлссөний тул цав гуйхаар ирэв.” Өвгөн сонсоод тэргүүн дохин өгүүлрүүн: “Багш чи бадар эрэхийг байтугай, буруу замаар явжээ.” Бичин гүүлрүүн: “Буруу бус болой.” Өвгөн өчрүүн: “Баруун газар одох зам ас хойд зүгт баймуй, эндээс мянган газар алс буй, юунд их замаар үл явмуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Чив хэмээн ас хойно байх бөлгөө, миний багш өдгөө их зам дээр сууж миний цав бадарлан эчихийг хүлээж баймуй.” Тэр өвгөн өгүүлрүүн: “Энэ тойн дэмий донгодмуй, их зам эндээс мянган газрын алсат аж хэдий түргэн явах боловч зургаа долоон өдөр болмуй, эгэж эчихдээ бас зургаа долоон өдөр болмуй. Чиний багш хэрвээ их замд сууж хүлээх бөгөөс өлбөрч үхэхгүй буюу?” Бичин инээн өгүүлрүүн: “Эрхэн өглөгийн эзэнд худал өгүүлэх бус, би сая багшийн дэргэдээс салаад нэг аяга халуун цай уух зуур энд хүрч иржээ, өдгөө цав гуйж хариад үдийн хоолоо болгомуй.” Өвгөн сонсоод дотроо эмээж: “Энэ тойн бус, чөтгөр болой!” хэмээгээд хойш буцан орохуйд Бичин шүүрэн авч: “Өглөгийн эзэн хааш одмуй? Цав буй бөгөөс өгөгтүн” хэмээхүйд өвгөн өгүүлрүүн: “Үгүй! Үгүй! Чи өөр газраас гуйгтун!” Бичин өгүүлрүүн: “Энэ өглөгийн эзэн юутай бэрх аж? Чи сая мянганы газар хэмээн эс хэлсэн буюу, өдгөө бас мянган газар явж айл эрэх болбоос миний багш магад өлбөрч үхмүй.” Тэр өвгөн өгүүлрүүн: “Чамаас нуух бус, миний гэрт хөгшин залуу нийт зургаа долоон ам хүн буй, сая дөнгөж гурван шэн будаа чанасан боловч бас болоогүй тул чи өөр айлаар очоод дахин ир.” Бичин өгүүлрүүн: “Эртний хүний өгүүлсэн нь “Гурван гэрийг тойрохоос нэг гэрт суусан нь дээр” хэмээжээ, ядуу тойн би энд сууж хүлээсүгэй.” Өвгөн түүний ийн зуурахыг үзээд хилэн төрж таягаар Бичиний толгойг долоо наймантаа занчсанаа Бичин огт ч алжаалгүй байхуйд тэр өвгөн өгүүлрүүн: “Энэ үнэхээр хатуу толгойтой тойн ажгуу.” Бичин өгүүлрүүн: “Өвгөн чи чинээ мэдэн занчтугай, гагц тоог нь сайтар цээжил, нэгэнтээ таягдваас нэг шэн будаа өгөгтүн” хэмээхүйд өвгөн таягаа орхин гэртээ гүйн орж хаалгаа дараад: “Чөтгөр ирэв! Чөтгөр ирэв!” хэмээн бархирсанд гэрийн их бага цөм айн дагжиж хойд урд хаалгаа таг дарав. Бичин түүний хаалгаа дарсныг үзээд дотроо сэтгэрүүн: “Энэ хөгшин гөлтгөр сая будаа чанаж байнам хэмээсэн бөлгөө. Ерийн үгэнд “Бумба мэргэдээс гуймуй, тойн тэнэгээс бадарламуй” хэмээжээ, үнэн худлыг мэдэхгүй, өвгөн Сүн би орж үзсүгэй” хэмээгээд бие далдах тарни уншин гэрт орж үзвээс үнэхээр уур савсуулан нэг тогоо будаа чанаж байхыг үзээд даруй бадар аягаар дүүртэл утган аваад үүл хөлөглөн буцсаныг түр өгүүлэхгүй.

 

            Жич өгүүлэх нь, Тансаг Бичинийг хүлээсээр үл ирэхүйд тэсч ядан бие өндийн өгүүлрүүн: “Энэ сармагчин хаанаас бадар эрэхээр одсон буй?” Гахай хажуунаас инээн өгүүлрүүн: “Түүний хаана наадахаар одсоныг хэн олж мэдмүй? Ямар цав бадарлах вэ, дэмий л биднийг энэ гянданд суулгах буй за!” Тансаг өгүүлрүүн: “Юуг гянданд суух хэмээмүй?” Гахай өчрүүн: “Багш чи мэдэхгүй буюу, эртний хүн газрыг гортиглоод гяндан болгодог бөлгөө. Тэр шийдмээрээ газрыг гортиглоод төмөр хэрэмд адил бөх хэмээмүй, үнэхээр араатан шулам ирвээс энэ хэрхэн халхалж чадах вэ? Эрхгүй түүнд идэгдэх буй за.” Тансаг өгүүлрүүн: “Чиний санаагаар болбоос хэрхмүй?” Гахай өгүүлрүүн: “Энэ газарт нөмөр түшиг үгүй тул зам барьж баруунш явсугай, ах хэрвээ үүл хөлөглөн ирвээс удалгүй биднийг гүйцмүй. Цав гуйж олсон бөгөөс идээд жич явсугай, энд суусаар хөл даармуй.”

 

            Тансаг манхуугийн үгийг дагаж гортигоос гарч Гахай морийг хөтлөн Шороо дамжуураа дамнан их замаар урагш явав. Удсангүй тэр орд харшийн дэргэд хүрч үзвээс урагш хандсан нэг их хаалганы хагас нь нээгджээ. Гахай даруй хаалганы чулуунаас морио уяж, Шороо дамжуураа тавин, Тансаг хаалганы хажууд салхинаас далдлан суув. Гахай өгүүлүүн: “Багш, энэ лав нэг их түшмэлийн гэр буй за, өмнө үүднээ хүнгүй нь бодохуйяа цөм дотор гал хүлцээн сууцгаах буй за, та энд түр хүлээтүгэй, би дотогш орж үзсүгэй.” Тансаг өгүүлрүүн: “Хичээ, хүнийг битгий цочоогтун!” Манхуу өгүүлрүүн: “Би мэдмүй, шашны үүднээ орж үнэн мөрийг зорьсоноос нааш багшийг дагаж баахан ёс ном сурсан тул урьдын адил хүдэги эр бус болов.”

 

            Тэр манхуу малтуураа сугалж хар эрэнгээ засаад алгуур алхан дотогш орж үзвээс, гурван тасалгаа их танхим аж, орхиул халхавчийг дээш өлгөж ялам жалам бөгөөд хүн хар нэг ч үгүй тулд бас дотогш алхан орвоос мөн нэгэн адил уудам танхим ажгуу. Танхимын ар дахь асрын цонхоор нэгэн шар торгон хөшиг бүрэлзэн харагдмуй. Тэр манхуу: “Гэрийн эзэн бас унтсаар ажгуу” хэмээн бодоод огт хайхралгүй шууд асар дээр гарч ирээд хөшгийг сөхөн үзмэгц цочин гэлмэж ойчин алдав. Үзвээс тэр хөшгийн доторх зааны соёоны ширээн дээр нэг хүний хэлхээ яс буй, үүний хохимой толгой нь тогоон чинээ, хоёр хөлийн яс нь дөрөв таван тохой урт амуй. Манхуу сэтгэлээ тогтоож нулимс цувруулсаар хувхай ясны зүг тэргүүн дохин шүүрс алдаж: “ЧиАль төрийн өрлөг, ямар улсын их жанжин болов. Эрт цагт идэрхэг хүчээр өрүү балмадыг дарангуйлан

 

        Энэ өдөр үхэж дүүрээд хувхай яс болов.

        Эхнэр хүүхэд чинь тайж тавилахгүй болсон тул,

        Эгнэгт ямар хуяг чинь ирж хүж асаах аж?

        Үүнийг үзэхүйеэ сэтгэл эвдрэн тэсгэлгүй гуниавч,

        Эзнийг тэтгэн төрийг мандуулсан баатар хүнийг мөрөөдмүй.”

 

Гахай хараахан гашуудан атал, тэр хөшигний араас гэрэл гармуй. Манхуу дотроо: “Хүж зул асаах хүн нь хойд гэрт байх буй за” хэмээн сэтгээд яаран бие эргэж хөшгийг сөхөн үзвээс, тагтны цонхонд гэрэл туссан ажгуу. Тэртээ этгээдэд нэг шардан өнгөлсөн ширээний дээр гурван зах дээлийг сул тавьжээ. Манхуу авч үзвээс цөм магнагаар хийсэн цэгдэг ажгуу.

 

            Тэр мөн сайн мууг үл хайхран асраас аван бууж гол танхимаар өнгөрөн шууд үүдний гадна гарч дуудан өгүүлрүүн: “Багш минь, энд хүн амьтан огт үгүй, нэгэн хүүр тавьсан харш ажгуу. Гахай би дотор орж асрын дээр гарсанаа шар торгон хөшгийн дотор нэг хэлхээ яс байх бөгөөд нөгөө асрын дотор бас гурван зах магнаг цэгдэг байсныг би авч ирэв. Энэ мөн ч манай заяа буй за, өдгөө чив хэмээн тэнгэр хүйтэнд тохиолдсон тул сайн бус уу, багш чи гадар дээлээ тайлж үүний нэгийг дотроо өмс.” Тансаг өгүүлрүүн: “Болохгүй! Болохгүй! Цаазын бичигт өгүүлсэн нь “Илээр авах, далдаар авахыг цөм хулгайчид тооцмуй” хэмээжээ. Хэрвээ хүн сэрээд биднийг нэхэн ирж яаманд хүрвээс мөн хулгайч болох болой, түргэнээ уг оронд нь аваачиж тавьтугай, бид энд салхинаас далдлан сууж Бичинийг хүлээсүгэй. Гэрээс гарч тойн болсон хүн, хүний юманд бүү дурлагтун.” Гахай өгүүлрүүн: “Бид гурваас өөр нэг ч мэдэх хүн үгүй, хэн маныг заалдмуй? Ямар гэрч байх вэ? Ямар ил авсан, хулууж авсан гэх вэ? Олж авсан болой.” Тансаг өгүүлрүүн: “Чи дэмий үйлдмүй! Хэдий хүн эс мэдэвч тэнгэрийг яахан халхалж чадмуй! Бурхны номд өгүүлсэн нь: “Далдад үүссэн муу сэтгэл сахиулсан нүднээ илт үзэгдмүй” хэмээжээ, эртхэн хүргэж өгтүгэй, зүй бус юманд бүү дурла!”

 

            Тэр манхуу багшийн үгийг авалгүй инээн өгүүлрүүн: “Багш минь би хүн болсноос нааш хэдэн зах цэгдэг олж өмссөн боловч ер энэ мэт магнаг цэгдэгийг өмссөнгүй, чи эс өмсвөөс байтугай, би энэ шинэ цэгдэгийг өмсөж нуруугаа халуулж ахыг ирсэн хойно даруй тайлж тавиад явсугай!” Шороо өгүүлрүүн: “Тийн бөгөөс би бас нэгийг өмссүгэй” хэмээгээд хоёул зэргээр гадуур өмссөн дээлээ тайлж цэгдэгийг өмсөөд сая бүсийг бүслэн атал, яасныг мэдэхгүй зогсон дийлэхгүй болж тонгорцоглон унав. Үзвээс тэр цэгдэг нь хүн хүлэх хүлээс байсан тулд хэдийнэ тэд хоёулыг атиртал хүлжээ, Тансаг цочин гэлмэж хөл давшин жимэлж урагш ирж тайлсугай хэмээвч яахан тайлж чадах аж? Тэд гурвуул ийн цуугилдан байхуйд, шулмын түрүү олж сонсоод гарч ирэв.

 

            Тэр шулам хараахан агуйн дотор сууж атал, гэнэт гашуудах дуу гарахуйд яаран гарч үзвээс үнэхээр хэдэн хүнийг хүлжээ. Тэр шулам бага шулмаа дуудан хувилсан асар тагтаа хурааж аван, Тансаг, Гахай, Шороо морь ачааг нь цөм агуйн дотор авч оров, хөгшин шулам өндөр ширээнээ залран суусны хойно бага шулам Тансагийг түлхлэн авчирч индрийн доор сөгдсөнд тэр шулам асууруун: “Чи хаанаас ирсэн тойн бэ? Ямар аймшиггүй хар өдрөөр миний хувцсыг хулуумуй?” Тансаг нулимс унагаж өгүүлрүүн: “Тойн би зүүн газрын их Тан улсын хааны зарлигаар баруун газраас ном залаар одогч бөлгөө. Өлсөхүйдээ их шавиа цав гуйлгахаар илгээв. Бид түүний үгнээс зөрчиж хувилгаан ордноо эндүүрэн салхинаас далдалсанаа санаандгүй миний энэ хоёр шавь олзод дурлан хувцасыг авч иржээ, үгээгүй тойн би айшгүй муу сэтгэл үүсгэсэн бус, даруйд тэднийг уг оронд нь аваачиж тавьтугай хэмээхүйд тэд миний үгийг авалгүй үүнийг өмсөж нуруугаа дулаацуулсугай хэмээгээд санаандгүй их вангийн аргад оногдон баригджээ, түмэнтээ гуйх нь өршөөн хайрлаж өчүүхэн амийг үлдээн хэлтрүүлж ном залаар илгээх бөгөө их вангийн ачийг үүрд тэмдэглэн зүүн орондоо буцсан хойно мянган галавт алдаршуулан дэлгэрүүлсүгэй!” Шулам инээн өгүүлрүүн: “Миний сонссон нь Тансагийн махыг нэг хэсэг олж идвээс цайсан үс дахин харлаж унасан шүд дахин ургамуй хэмээжээ, энэ өдөр заяагаар чи өөрөө хүрч ирсэн атал хэрхсэн ч чамайг хэлтрүүлж болохгүй! Чиний тэр их шавийн нэр хэн буй? Хаанаас цав гуйхаар одсон буй?” Гахай үүнийг сонсмогц яаран тосч өгүүлрүүн: “Миний ах болбоос таван зуун жилийн урьд тэнгэрийн ордныг их л түйвээсэн тэнгэр лүгээ чацуу их богд Бичин хэмээгч бөлгөө.”

 

            Тэр шулам тэнгэр лүгээ чацуу их богд хэмээхийг сонсоод нэлээд эмээн дуугүй сууж дотроо “Хэдийнэ сонссон нь түүний рид хувилгаан маш хэцүү хэмээсэн бөлгөө, санаандгүй энэ өдөр энд учирчээ” хэмээн сэтгээд бага шуламдаа захин өгүүлрүүн: “Тансагийг барьж хүлэгтүн, тэр хоёулыг хүлсэн эрдэнийг тайлж дээсээр халж хүлээд хойд гэрт аваачиж тавь, би түүний их шавийг барьсны хойно хамт чанаж идсүгэй.” Бүгд бага шулам за хэмээн хүлээн авч тэр гурвуулыг хүлж хойд гэрт аваачив. Цагаан морийг онгоцноо уяад дамнуурыг дотор оруулан олон шулам цөм цэргийн зэвсэгийг хурцлан Бичинийг барихаар бэлтгэж ахуг түр өгүүлэхгүй.

 

Жич өгүүлэх нь, Бичин өмнө айлын нэг гэрээс нэг аяга будаа утган аваад үүл хөлөглөн хуучин замаар буцаж ирэн шууд уул хөтөл дээр хүрч үүлнээс бууж үзвээс, Тансаг хэдийнэ үгүй болж хааш одсоныг мэдэхгүй. Зурсан гортиг нь басхүү байсаар бөгөөтөл гагц хүн морь үзэгдэхгүй болжээ. Тэр орд харшийг үзвээс үгүй болоод эрвэн сэрвэн хад чулуу харагдмуй. Бичин цочин өгүүлрүүн: “Барав! Тэд лав шулмын гарт оржээ!” хэмээгээд яаран зам дагаж морины мөрийг мөрдөн баруунш нэхэн эчив.

 

            Хараахан мэндүүрэн зовсоор тав зургаан газар явтал, гэнэт ар хөтөл дээр хүний хэлэлцэх сонстмуй. Харваас нэгэн өвгөн эсгий дээлийг биед хэдрэн, үст малгайг тэргүүнд тавин хуучирсан арьсан гутлыг хөлд өшиглөн гарт луун толгойт таяг барьж, нэг салаа тэргүүлэгч цэцэг барьсан бяцхан хөвгүүнийг дагуулан хөтлийн өмнөөс дуу дуулан айсуй. Бичин бадар аягаа тавьж угтан эчиж өгүүлрүүн: “Өвгөнд үгээгүй тойн наманчилмуй.” Өвгөн хариу ёслон өгүүлрүүн: “Тойн чи хаанаас ирсэн бэ?” Бичин өгүүлрүүн: “Би зүүн газрын хүн бөлгөө, баруун газар бурхны орноос ном залаар одмуй, бид багш шавь дөрвүүл, миний багш өлссөн тул би тэд гурвуулыг энд хүлээлгэн суулгаад цав гуйхаар эчээд, хойш эгэж ирвээс үзэгдэхгүй болжээ. Тэд аль замаар одсоныг мэдэхгүй, өвгөн чи олж үзсэн үү?”  Тэр өвгөн жихүүнээр инээн өгүүлрүүн: “Тэд гурвуулын дотор нэг урт хоншоор дэлдгэр чихт тойн буй буюу?” Бичин: “Буй! буй!” хэмээв, бас асууруун: “Бас нэг хөх нүүрт тойн цагаан морийг хөтлөн, цагаахан царайтай тарган тойныг удирдаж явах буюу?” Бичин: “Мөн, мөн!” хэмээв. Тэр өвгөн өгүүлрүүн: “Тэд буруу замаар одов, тэднийг чи эрэх хэрэггүй, өөрийн амиа мэнд авч од!” Бичин өгүүлрүүн: “Тэр цагаахан царайт тойн болбоос миний багш болой, тэр сонин дүрт хоёр бөгөөс миний номын дүү бөлгөө, би тэдэн лүгээ хамт сүсэг сэтгэлийг барьж баруун газарт ном залаар одох тул юуны учир тэднийг үл эрмүй!” Тэр өвгөн өгүүлрүүн: “Би сая үүгээр өнгөрөхүйд, тэдний буруу замаар одож шулмын аманд орохыг үзэв.” Бичин өгүүлрүүн: “Өвгөнөөс гуйх нь тэр ямар шулам буй, хаа сууж байх буй, надад зааж өгвөөс ыи түүнийг эрэн одож багшаа гарган баруунш явахуйд сайн.”

 

            Тэр өвгөн өгүүлрүүн: “Энэ уулын нэрийг Алтан дуулгат уул хэмээмүй, уулын өмнө нэг Алтан дуулгат хэмээх агуй буй. Дотор нь Ганц эвэрт хирс хэмээх шулмын ван буй. Тэр шулмын вангийн эрдэм чадал их тул тэр гурван тойн өдгөө лав амьгүй болов. Чи хэрвээ эрэн эчвээс бас гарахуйяа бэрх тул эс одвоос сайн болой. Би мөн айлгүй чамайг ятгаж үлдээхгүй, гагц чи дураар болтугай.”

 

            Бичин дахин ёсолж тал өгөн: “Өвгөн та тодорхойлон заасанд би юунд үл эрэхээр одмуй!” хэмээгээд энэ нэг аяга цавыг чамд өгсүгэй, чи миний бадар аягыг егүүлэн өг хэмээхүйд тэр өвгөн таягаа тавьж бадар аягыг тосон авч зарц хөвгүүнд өгөн уг биеэр болон мөргөн өгүүлрүүн: “Их богд минь, бага эрхтэн бид хоёул болбоос энэ уулын савдаг болой, их богдыг энд тосон хүлээж асан бөлгөө. Энэ цав болон бадар аягыг бага эрхтэн би хадгалан өгсүгэй, их богд эрдмээ гарган Тансагийг зовлонгоос аварсан хойно энэ цавыг түүнд өргөн бариваас их богдын хүнд аялал болох болой.” Бичин зандан өгүүлрүүн: “Үхлээ эрсэн чөтгөрүүд, миний ирэхийг мэдэх бөгөөтөл юунд эртхэн гарч угтахгүйгээр энэ мэт овлон далдлах нь ямар ёс буй?” Уулын савдаг өгүүлрүүн: “Их богдын зан түргэн тулд бага эрхтэн айшгүй шууд золгосонгүй.” Бичин хилэнгээ дарж: “Та нарыг элдэхийг байсугай! Бадар аягыг сайтар хадгалан миний шулмыг барихыг хүлээ!” хэмээхүйеэ уулын эрхтэн захиаг хүлээн эгэв.

 

            Их богд сая барсын шөрмөсөн бүсийг чангалан барсын арьсан хормойвчоо шууж шийдмээ атган шулмын агуйг эрэн уулын эргийг тойрон гартал, арзгар барзгар хад чулуу сэгийлцэн хөхөмдөг хадны хажууд нэг чулуун хаалга байж хаалганы гадна маш олон бага шулам жад эргүүлэн илд бүжиглэж амуй. Энэ үнэхээр:

 

            Хөх униар тунарч хөвд хигтэр ногоорчээ.

            Эрвэн сэрвэн хад чулуу дэгтэрлэн,

            Эгц асгад тоом зам сүлжилдмүй.

            Бич жижигнэн, шувууд донгодохуйяа,

            Өнгө үзэмж сайхан, гарьд нисэн галбингаа бүжиглэхүйеэ

            Хутагтын оронд адил.

            Нарны дулаанд тэргүүлэгч цэцэг дэлгэрээд,

            Өдрийн тулд хулсан шугуй ногоорчээ.

            Цавчим асгын доор цас овоорон,

            Гүнээ завын дотор хөлдсөн мөс гялалзмуй.

 

Их богд хаалганы өмнө хүрч ирээд өндөр дуунаар зандан өгүүлрүүн: “Бага шулам та нар түргэн орж их шуламдаа хэл, би болбоос Тан улсын Тансаг тойны их шавь тэнгэр лүгээ чацуу их богд Бичин болой, миний багшийг түргэн гаргаж өгвөөс амийг чинь хэлтрүүлсүгэй!”

 

            Бага шулмас яаран агуйдаа орж мэдүүлрүүн: “Их ван, гадна нэг нүүртээ үстэй тойн ирээд биеэ тэнгэр лүгээ чацуу их богд хэмээж, багшаа гаргаж авах хэмээмүй.” Тэр шулмын түрүү сонсоод их л баярлан: “Түүнийг иртүгэй хэмээн их санаж байсан бөлгөө! Би өөрийн ордноос салан тоост ертөнцөд бууснаас зэвсгийн эрдмээ тэнсэн үзээгүй тул энэ өдөр тэр ирсэн нь лав гар тэнцэх буй за” хэмээгээд бага шулмыг зэвсэг авч ир хэмээсэнд, агуйн доторх их бага олон шулмас цөм сүр бадруулан хос алд урт төмөр жадыг дамнан ирэв. Хөгшин шулам цааз зарлан өгүүлрүүн: “Та нар тус бүр тэр тэгш байгтун, урагш орсонд шагнамуй, хойш ухарсныг алмуй!” Олон шулам зарлигийг хүлээн үүд гарч ирээд дуудан өгүүлрүүн: “Аль нь Бичин хэмээгч буй?” Бичин хажуунаа давшин гарч тэр хөгшин шулмын төрсөн байдлыг үзвээс үнэхээр муухай ажгуу:

 

            Ганц эвэр нь сэрийж,

            Гархин нүд нь гэрэлтмүй.

            Магнайн арьс маш зузаан,

            Мантгар толгой нь махлаг бүдүүн.

            Ялгай хэл нь хамраа долоон,

            Араа шүд нь өргөн жигд.

            Үс гэзэг нь үнс адил,

            Шөрмөс булчин нь эрчлэн зангирчээ.

            Сарлаг лугаа адил усч бус,

            Сар лугаа адил адам [1] нь бус.

            Салхи бороог урих эрдэмгүй боловч

            Сансар тэнгэрийг доргиулах чадал буй.

            Түнэр хар гартаа төмөр жад атган сүр тавин зогсчээ.

            Айхавтар сүрхий байдлыг үзвээс,

            Аварга бух ван хэмээн алдаршсан нь хоосон бус!

 

Их богд урагш давшиж өгүүлрүүн: “Сүн нагац эцэг чинь энд баймуй! Эртхэн миний багшийг гаргаж өгвөөс хоёр этгээдэд хор болохгүй, хэрвээ “Үгүй” хэмээх үгийг өчүүхэн төдий цухуйлгаваас би чамайг хүүр тавих газаргүй болгомуй!” Тэр шулам зандан өгүүлрүүн: “Их цөст самуун самж чи ямар эрдэм буй хэмээн айшгүй ийм их үг хэлмүй!” Бичин өгүүлрүүн: “Самуун шулам чи Сүн өвгийнхөө эрдмийг үзээгүй болой!” Тэр шулам өгүүлрүүн: “Чиний багш миний цэгдэгийг хулуусан тул би түүнийг бариад өдгөө чанаж идсүгэй хэмээмүй, чи ямар сайн тойн хэмээн айшгүй миний үүднээ нэхэмжлэн авахаар ирмүй!” Бичин өгүүлрүүн: “Миний багш хэмээгч шударга сайн тойн тул чиний цэгдэгийг хулуух ёс буй буюу?” Тэр шулам өгүүлрүүн: “Чиний багш миний замын хажууд хувилгасан орд харшид сэмээр ороод, шунахай сэтгэл үүсгэн миний гурван зах магнаг цэгдэгийг хулгай хийж аваад, биедээ өмссөн нь цөм гэрч буйн тул би түүнийг барьсан болой, өдгөө чи үнэхээр эрдэмтэй бөгөөс над лугаа гурван удаа зөрөлдөж тэсэх болбоос би чиний багшийн амийг уучилсугай, хэрэв эс тэсвээс амийг чинь бусниулмуй.” Бичин инээн өгүүлрүүн: “Муу шулам! Хоосон үг хэлэх хэрэггүй! Өвгөн Сүн миний шийдмийг амталж үз!” хэмээн занчин орохуйд тэр шулам мөн ч айхгүй төмөр жадыг сунган угтан байлдав. Энэ нэгэн зэрэг алалдсан нь:

 

            Хүнд бэрээ буун ирэхүйеэ,

            Хурц жадаар угтмуй.

            Хүнд бэрээ буун ирэх нь

            Хувилгаан луу ширвэхүйд адил,

            Хурц жадаар угтах нь гүмбэрва матар тоглох мэт.

            Тэртээ хаалганы өмнө бүгд шулмас

            Хэнгэрэг дэлдэн жагсаал засан сүр бадруулмуй,

            Эндэх этгээдэд их богд

        Эрдмээ гайхуулан эрэмгийлэн байлдмуй.

        Шулмын жаданд сүр хүчин төгс,

        Бичиний шийдэмд зэвсгийн эрдэм бүрэн.

        Энэ үнэхээр баатар нь баатар лугаа тохиолдож,

        Хүчтэн нь хүчтэн лүгээ учирчээ.

        Тэр шулмын ван бор утаа үлээхүйеэ

        Энэ Бичин вангийн нүднээс гал гэрэл цацармуй.

        Гагц их Тангийн тойн зовлонд орсны харгайгаар

        Өшөөтөн хоёр найргүй үхэн байлдмуй.

 

Тэд хоёул байлдсаар гучин удаа болтол, дийлэн дийлэгдэх нь ялгарахгүй. Бичиний шийдмийн эрдэм бүрэн, ирж очих нь өчүүхэн чөлөө зав гаргахгүй тул тэр шулам их л гайхаж магтан өгүүлрүүн: “Сайн сармагчин! Сайн сармагчин! Үнэхээр тэнгэрийн ордныг түйвээсэн нь талаар бус!” Их богд мөн түүнийг жадны эрдэм эс самууран барууныг халхлан зүүнийг тосч их л сайн сурсаныг бахдан өгүүлрүүн: “Хэцүү шулам! Хэцүү шулам! Үнэхээр нэг үрэл хулуусан шулмасын түрүү ажгуу!” хэмээгээд хоёул бас арав хорин удаа зөрөлдөв.

 

            Тэр шулмын ван жадны үзүүрээр газар тогшин бага шулмыг зандан цугаар орогтун хэмээснээ тэдгээр самуун шулмасууд тус тус илд шийдэм хурайлж сэлэм жад эргүүлэн их богд Бичинийг дундаа хаав. Бичин өчүүхэн төдий ч айлгүй дуудан өгүүлрүүн: “Ирсэн нь маш сайн! Чивхийтэл миний санаанд нийцэв!” хэмээгээд алтан толтот шийдмээр зүг бүр хурайлан занчивч тэдгээр бага шулам дутаахгүйгээр, дайран орж ирэхүйд Бичин баахан сандарч болд бэрээгээ дээш орхин “Хувил!” хэмээн зандарсанд тэр шийдэм нь зуун мянган шийдэм болж луу могой нисэх мэт огторгуйг бүрхэн бууж ирэхүйг тэдгээр бага хөгшин шулам үүнийг үзээд жихүүнээр инээн: “Сармагчин чи битгий ёс бусчил! Миний эрдмийг үзэгтүн!” хэмээгээд яаран ханцуйнаасаа нэгэн гялаан цагираг гаргаж дээш орхин “Орогтун!” хэмээн зандсанд, тэр цагираг Бичиний хувилгасан шийдмийг ганц шийдэм болгон урхилан аваачив. Бичин гар хоосон болоод арга бус нэгэнтээ тонгорцоглон үүлээр дутаан одов. Тэр шулам ихэд дийлж агуйдаа буцахуйяа, Бичин арга мухардан хэрхэхээ олохгүй болжээ. Энэ үнэхээр:

 

            Бумба мэргэн хэмээвч шулам түүнээс хэцүү,

            Сэтгэл самууран санаа будангуйрч зам юугаа эндүүрэв.

            Хорсолтой нь номын бие тогтох оронгүй,

            Гуниалтай нь тэр цагт явах хөдлөх ташаарчээ.

           Чухам энэ удаа ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.

 


[1] ялгуун


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 0 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 47 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 13 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 16 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 20 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 3 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 36 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 39 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 39 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 13 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 23 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 33 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 38 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 0 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 17 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 43 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 12 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 35 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 36 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 52 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК