Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цагт нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр зохицуулах гэж ихэд хичээсэн.
Цагийн хуваарийг хэдэнтээ өөрчилсөн ч зорчигчдын бөөгнөрөл үүсгэж, халдвар хамгааллын дэглэм алдагдсан тул eрдийн цагийн хуваарийн дагуу ажиллуулж эхэлсэн билээ. Гэхдээ нэг автобусанд 10-12 зорчигч байхаар тодруулбал, зорчигч хоорондын зайг 1-1,5 мeтр байхаар зохицуулсан юм.
Харин нийтийн тээврийн үйлчилгээ гольдролдоо орлоо гэтэл бас нэг асуудал үүссэн нь цэнэглэгч карт юм.
Ажиллах зөвшөөрөлтэй 13 байгууллагын дунд карт цэнэглэгч цэгийн борлуулагчид ороогүй. Харин халдвар хурдан тархах эрсдэлтэй учраас зорчигчдыг бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байхыг болбол автобусны карт, эсвэл цахимаар шилжүүлэхийг шаардаж байгаа аж.
Карт цэнэглэх цэг ажиллахгүй, бэлнээр төлж болохгүй гэхэд цахимаар шилжүүлэх нь хэд билээ.
Энэ мэт төөрөлдсөн олон асуудал дунд иргэд нийтийн тээврээр зорчиж байна. Бас энэ бүхэн байнгын алдагдалтай ажилладаг нийтийн тээврийг татаж унагах бас нэг эрсдэл болох нь.
У.Тэргэл