Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж хөрөнгө оруулагч, жуулчдад хилээ нээсэн. Мөн ковидын дараах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэлд багтаж байгаа аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарыг сэргээх хүрээнд харьяа яамд салбарын оролцогч талуудтай уулзалт, зөвлөгөөн зохион байгуулжээ.
Өнгөрсөн долоо хоногт, Нэгдсэн брэндингтэйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар болон “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан. Харин 2022 оны хоёрдугаар сарын 21 буюу өчигдөр Монгол Улсад суугаа Элчин сайд, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчдийг Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нар хүлээн авч уулзан “Шинэ сэргэлтийн бодлого”, тэр дундаа аялал жуулчлалын салбарын асуудлаар уулзаж, ярилцлаа. Энэ үеэр Элчин сайд, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчдөд Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй ховор нандин ном бүтээлийн дээжсийг танилцуулсан байна. Мөн Монгол орны аялал жуулчлалын зорин очих газрыг VR төхөөрөмжөөр үзүүлж, аялал жуулчлалын бүсчилсэн маршрутын талаар мэдээлэл өглөө хэмээн Соёлын яам мэдээллээ.