Гадаад харилцааны яам Украины нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Консулын газрын захирал Б.Болд “Украины Харьков хотод 18 оюутан, байнгын оршин суудаг дөрвөн иргэн, Киев хотод 12 оюутан, байнгын оршин суудаг гурван иргэн, Кировоград хотод хоёр оюутан оршин сууж байна. Харин Львов хотод оршин суудаг нэг оюутан, түр хугацаагаар зорчиж байсан гурван Монгол иргэний хамт өнөөдөр өглөө Бүгд Найрамдах Польш Улсын хилээр нэвтэрсэн байна.
Монгол Улсын Засгийн газар эдгээр иргэдийг татан авах, шаардлагатай арга хэмжээнд 500 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Иймд иргэдийг тодорхой хэмжээний мөнгөн тусламж, хоол хүнсээр хангахаар ярьж байна. Украин улсад байгаа иргэдийг Киев- Истанбул, Харьков- Истанбул чиглэлийн нислэгээр татаж авахаар билетийн захиалга өгсөн байсан хэдий ч нислэг цуцлагдсан. Тиймээс иргэдийг газраар татаж авах талаар судалж байна. Тус улсад дайны байдлаас шалтгаалаад орох, гарах хөдөлгөөн хаасан гэж ойлгож байгаа, тиймээс татан авах ажил эхлүүлэхэд хүндрэлтэй байна. Иймд оюутнуудыг байгаа газраасаа гарахгүй байхыг зөвлөлөө. Харьков хотын хоргодох байранд байсан оюутнууд өнөөдөр өөрсдийн оюутны байр болон түр оршин сууж байгаа гэрлүүгээ явсан мэдээ ирсэн. Одоогийн байдлаар хамгийн аюулгүй газар хот буюу хотын төв болоод байна. Иймд нөхцөл байдал тогтворжтол байгаа газраа байхыг анхаарууллаа.
Гадаад харилцааны яамны дэргэд 24 цагийн шуурхай штаб ажиллаж байгаа тул оюутнуудын ар гэр яаралтай үед болон асууж тодруулах зүйл байвал 70082222,83042222 утсаар холбогдох боломжтой.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)