Он гарсаар Онцгой байдлын байгууллагад 16 удаагийн гол, нуурын мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид есөн иргэний амь насыг авран хамгааллаа.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 2-ны өдрийн байдлаар Монгол орны бүх гол мөрөн, нуур тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч зарим голын дунд болон адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрчээ.
Цаашид мөс нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулав.
Хамгийн сүүлд л гэхэд Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Далайн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төв/-д Дөргөн нуурын мөсөн дээр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч, суужээ. Дуудлагыг 03.02-ны өдрийн 08:37 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн алба хаагчид 100 км замыг туулан тус сумаас “Далайн нуур” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан иргэн Э /56 настай, эрэгтэй/-ийн “Бонго Пронтэр” загварын ачааны автомашин нуурын мөсөнд цөмөрч, живсэн байсныг 02:38 цаг ажиллан татан гаргажээ.