Нийслэлийн засаг "Хуурайшилтын үе ирсэнтэй холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх" үүрэг чиглэл өгсөн. Үүний холбогдуулан одоогийн нөхцөл байдал болон сэрэмжлүүлэх мэдээллийг ОБЕГ-аас мэдээллээ. “Нийслэл орчимд шар өвсний 70 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлагын ихэнх шалтгаан нь хүний буруутай үйлдэлтэй холбоотой байна. Тухайлбал, ногоон бүсэд ил задгай гал түлсэн, хог хаягдал, өнжмөл өвс шатаасан, аюулгүй ажиллагааг хангаж гагнуур хийгээгүй, татсан тамхи чүдэнз, арц нурмаа бүрэн унтраагаагүй зэрэг алдааг иргэд нийтлэг гаргаж байна. Хүний буруутай үйлдлээс болж шар өвс шатаж байна. Зургаан байгууллагын 320 албан хаагч өглөөний 10 цагаас оройны 8 цаг хүртэл хяналт тавин ажиллаж байна. 70 удаагийн шар өвсний дуудлагаар 112га талбай шатсан. Үүнийг ОБЕГ-ын гал сөнөөгчид болон хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж байгаа алба хаагчид илрүүлж унтрааж байгаа. Шар өвсний дуудлага Сонгино хайрхан дүүрэгт хамгийн олон буюу 24 дуудлага ирсэн. Мөн Баянзүрх дүүрэгт 15 удаа, Сүхбаатар дүүрэгт 14 удаа, Чингэлтэй дүүрэгт 11 удаагийн дуудлага ирсэн.
Өчигдөр ханш нээсэн өдрөөр хамгийн их шар өвс шатсан дуудлага ирсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 22-р хороо Алтан өлгий орчимд шар өвс шатаж 3га газар шатсан. Түргэн хугацаанд унтраасны үр дүнд Алтан өлгий орчмыг хамгаалсан. Иргэд зулсандаа гарахдаа шар өвс шатаахгүй байх хэрэгтэй байна. Ил задгай шууд шатсанаас болж тухайн орчны болон иргэдийн амь нас, өмч хөрөнгөнд хохирол учруулна. Галын аюулгүй байдлын тухай хуулиар өндөр торгууль ногдуулхаар байгаа” гэв.
Д.Батчулуун