"No double standard" иргэдийн хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Тэд “Манай улсын цагдаа хүчний байгууллагынхан хүний эрхийг хангах, хамгаалах үүрэгтэй бус хүний эрхийг хязгаарлахад чиглэж ажилладаг юм байна. Үүнийг маш олон удаагийн иргэдийн тайван жагсаал дээр цагдаа нар өөрсдөө иргэдийг турхирдаг, жагсаалд оролцож буй залуучуудыг барьж, баривчлах үйл ажиллагаа болдог байсан. Гэхдээ энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ дандаа ялгавартай ханддаг. Гуравдугаар сарын 21-ны өдрөөс хойш дайныг эсэргүүцсэн жагсаал долоон удаа зохион байгуулагдсан. Тайван жагсаал дээр дайныг дэмжигч хэсэг бүлэг хүмүүс ирж жагсаал хийж буй залуучуудыг цагдаагийн нүдэн дээр цохисон, зодсон, чирсэн, дэвсэхээр завдсан. Энэ үйлдлүүдэд цагдаа хуруугаа ч хөдөлгөөгүй. Гуравдугаар сарын 26-ны өдөр болсон тайван жагсаалд оролцсон залуучуудыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст байцаагдсан. Байцаагдаж буй шалтгаан нь “Орос Монголын найрамдалт харилцаанд сэв суулгаад байж магадгүй гэж лайв үзсэн хүн мэдээлсэн учраас шалгасан” гэх тайлбар өгсөн. Гэтэл бид зохион байгуулалттай дайрч байна гэж мэдээлэхээр шалгадаггүй хирнээ, бичлэг үзсэн сэтгэгдлийг шалгадаг. Манай цагдаагийн үйл ажиллагаа байнга ялгавартай ханддаг. Энэ ялгавартай байдал газар аваад байхаар бид хууль цагдаагийнханд итгэх итгэл буурч байна. Монгол улсын Засгийн газар яагаад залуучууддаа худлаа яриад байдаг юм. Цагдаагийн байгууллага яагаад залуучууддаа ийм харгис ханддаг юм бэ. Бидний хэлж буй шаардлага бол Цагдаа хүчний байгууллагууддаа реформ хийх хэрэгтэй. Энэ нь сургалтын төдий, нэр төдий байгаасай гэж хүсэхгүй байна. Хууль хүчний байгууллагуудаа үндсээр нь шинэчлэхгүй залуучууддаа гологдож байна” гэв.
Д.Батчулуун