“Монголын анхны модел машины урлан”-д хуучны машинууд, онгоц, трактор гээд бүгд байх аж. Зил-130, авто цистерн, трактор, Монгол усны тэрэг гээд тун сонирхолтой моделууд энэ урланд бий. Урлангийн эзэн Ү.Одонбаяртай ярилцлаа.
-Танд өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Ү.Одонбаяр гэдэг. Орос машины модель сонирхогчид группийн админ, моделист хүн байна.
-Модель машин цуглуулах, бүтээх болсон талаараа сонирхуулна уу. Хэзээнээс сонирхлоо ажил хэрэг болгож эхлэв?
- Анх 1989 оноос эхлээд модель машин сонирхож, цуглуулж эхлээд, үүнээс хойш хобби маань болсон доо. Хамгийн анх бортовой тэрэг угсарч үзэж байсан хүн 2019 онд ажлаасаа гараад хоббигоороо амьдрахаар шийдсэн. Ингээд л урлангаа нээгээд өнөөдрийг хүрч байна даа ах нь.
-Ажлаасаа гарсаан? Та ямар ажил эрхэлдэг байв?
-Тийм ээ. Ер нь тэнэг хүн л ингэх байх. Ах нь Чингис хаан олон улсын нисэх буудалд хангамжийн ахлах мэргэжилтнээр ажилладаг байсан. Ажлаасаа гарсны дараа хоёр ч удаа урлан байгуулаад бүтэлгүйтсэн хэдий ч ахиад л оролдоод үзсэн. Миний хувьд модель машиныг нутагшуулах, моделизмийг хөгжүүлэх хүсэлдээ хөтлөгдөж, нэг мөр амьдралаа холбохоор шийдсэн минь энэ.
-Яагаад заавал модел машин гэж?
-Хүн бүрт машинтай холбоотой дурсамж, түүх байдаг. Бидний хүүхэд нас, аав, ээжийн тээврийн машинаас эхлээд бүхий л цаг үе өөр өөрийн гэсэн түүхийг хадгалж үлдсэн эдгээр машиныг яг ямар байснаар нь түүхийн баримт үлдээхийг хүсдэг. Монголд 1000 гаруй төрлийн автомашин байсан байгаа юм. Тэднийг модель хэлбэрээр нь яг ямар байснаар нь үлдээхийг хүссэн. Миний сонирхол бол моделизмыг Монголдоо нутагшуулах, хөгжүүлэх хүсэлтэй. Тиймдээ ч модел машин сонирхогчдын клубээ нээгээд явж байна.
“Энд тэндгүй өрөөстэй жижигхэн тэргийг харах төдийд нагац ахын “30 машины” халуун кабин, хүйтэн тэвш санаанд бууж байлаа.”
-Ажлаасаа гараад хийнэ гэхээр гэр бүлийнхэн нь юу гэж хүлээж авч байсан бэ?
-Одоо бол гэр бүлийнхэн маань бүгд хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед ойлгох, ойлгохгүй янз бүр л байсан. Миний ихэнх туршилтууд манай тагтан дээр эхэлсэн дээ. Буудуулж үзнэ, туршилт бүтэлгүйтнэ. Тэр бүх туршилтаас ингэж хийж болох юм, ингэвэл болдоггүй юм байна гээд туршлага хуримтлуулна. Яаж ч 10 алдсан бай, 15 дахь нь болдог л байхгүй юу.
-Танай урланд хэчнээн төрлийн ямар моделиуд байна вэ? Зарим ховор нандин эд ч харагдаж байна. Трактор, онгоцоос эхлээд хуучны машинууд бүх төрөл харагдаад байна даа.
-Тийм шүү. Бид Монголд явж байсан, Монгол тоноглолтой тээврийн хэрэгслийн моделийг 43 дахин багасгасан загвараар уралдаг. Жишээлбэл, анхны цистерн Монголд 1968 онд орж ирсэн. Түүнээс хойш хэдэн онд орж ирсэн тэрэг ямар тоноглолтой, өнгө нь ямар байсан, ямар өөрчлөлттэй байсан талаар түүхийг нь судлаад тухайн машинаа дуурайж хийдэг. Манай урланд нийт 300 орчим модель байгаа. Гэрт, дэлгүүр дээр байгаа загваруудаа оруулбал 1000 гаруй болох байх.
-Таны хэлснээр нээрээ л хүн бүрт машинтай холбоотой дурсамж байдаг шүү. Ялангуяа хуучны эдгээр машиныг жолоодож байсан хүмүүст сэтгэлд нь илүү ойр байдаг байх. Таны үйлчлүүлэгчид захиалгаа яаж хүлээж авдаг вэ?
-Тэгэлгүй яахав. Хуучны тээвэрт явдаг байсан хүмүүст машин нь хамгийн үнэ цэнтэй зүйл нь болсон байдаг. Тиймдээ ч настай хүмүүс захиалгаа авахдаа уйлчихдаг. 10,20 жил тэр машинаа барьсан хүмүүс чинь, хаанаас нь ч хараад танина шүү дээ. Анзаарвал эд бүгд улсын дугаартай. Яг л улсад ямар дугаартай явдаг байсан түүгээр нь үлдээсэн.
-Таны хувьд тээврийн тэрэг ямар үнэ цэнтэй вэ? Дурсамжаасаа хуваалцаач?
-Би 1995 онд анхны ажлын гараагаа эхэлж байлаа. Тухайн үед ажлын ах нараа дагаад 21 аймгийн томилолтод явдаг байсан юм. Ах нар 69 унаад явахаар би цистерн дээр оногдоно. Олон ч цистерний кабинд явсан даа. Ингэж явахдаа эрэг боолт бүрийг мэддэг болсон байх. Тиймдээ ч миний амьдрал, ажлын гарааг хамгийн их хөглөсөн машин бол цистерн, би ч түүндээ их хайртай байдаг юм.
-Урлангийн үүдээр орж ирэхэд их л ховордсон хуучны дугуй харагдана. Таных уу?
-Манай үеийн хүмүүс бүгд л мэдэх байх. “60-ын дугуй”-ны дөрөөг жийж, ард нь зогсож явсан үе шүү дээ. Энэ бараг хамгийн сүүлчийн “60-ын дугуй” байх. Би одоогоор өөр ийм дугуйны сураг сонсоогүй л байна. Найз маань өөрт хадгалж байсныгаа манай урланд бэлэглэсэн юм.
-Хүүхэд байхдаа хаана өссөн бэ? Тэр үеийн дурсамжаасаа хуваалцвал?
-Ах нь таван шарын хүүхэд дээ. Ер нь их сахилгагүй хүүхэд байлаа. Намар болохоор тэнд алтан тарианы будаа ачсан том машинууд будаагаа буулгах гээд цуваад зогсдог байсан юм. Тэр дундаас аль илүү гоё тоноглолтой байна гээд үзэх гэж дугуй нь доор нь орчих шахам гүйдэг байлаа. Байрны ах нарын “Зил-130-ын үнэр” одоо ч үнэртдэг. Бидэнд нэг төгрөг өгөөд кабинаа угаалгана, тэгж л анх зил-130-ын өнгөний кодуудыг тогтоож авсан. 30 машины кабиныг олон арчсан хүн л тэр өнгүүдийг сайн мэднэ дээ.
-Та моделизмыг хөгжүүлэх хүсэлтэй гэж байсан шүү дээ. Энэ талаараа уншигчдад маань сонирхуулна уу?
-Анх Монголд модел машин сонирхдог, цуглуулдаг хүмүүс 1000 хүрдэггүй байлаа. Одоо бол өөрчлөгдсөн, энэ тоо 20 мянгад хүрчээ. Бид Орос машины модел сонирхогчид гэдэг фэйсбүүк бүлгэмийг нээж сонирхол нэгт хүмүүсээ олсон. Миний бүтээлийг гол шүүгчид бол олон жилийн туршлагатай жолоочид. Учир нь тал нутгийн тээвэрчид том чиргүүлтэй явдаг бол, Ховд, Баян-Өлгий чиглэлд уул нуруу ихтэй болдог учраас чиргүүлийн хэмжээ жижиг болж ирдэг. Тиймээс тэр нарийн деталь бүрийг машиндаа шингээж урлах нь чухал.
“Цаг өнгөрөх хэрээр зарим загварууд олдохоо больдог. Олдсон ч илүү үнэтэй тусдаг”
-Цаг заваа гаргаж, урилгыг маань хүээж авч ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Биднийг урланд ирэхэд угтаж авсан хүн бол Монгол Улсын ахмад онц тээвэрчин Р.Лигшид гуай байлаа. Түүний аав, ээж нь тээврийн жолоочид байсан гэнэ. Тиймдээ ч аавынхаа барьж байсан машиныг урлуулсан нь энд байлаа. Р.Лигшид гуай долоо хоног бүр ирж аавынхаа машиныг хардаг бөгөөд өнөөдөр бидэнтэй таарсан нь энэ байв.Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Таныг дүү нартаа их тус болдог гэсэн. Яаж хувь нэмрээ оруулж байна вэ?
-Ах нь насаараа шатахуун тээврийн тэрэг барьсан. Одоо бол урлаач дүү нартаа янз бүрийн түүх, тоноглолыг хэлж өгөөд, өвсний машины татлагыг ингэж татдаг байсан, өвсөө яаж өрдөг байсан юм гээд тэр бүгдийг хэлдэг.
-Таны аавын машины модел энд байна шүү дээ. Түүхээс нь хуваалцана уу?
-Энэ бол “Зил-130 А-Ц” гэдэг машин. Аав маань 1967 онд авч байсан. Ард нь байгаа хос чиргүүлийг манай Монголчууд өөрсдөө хийдэг байсан даа. Тиймдээ ч бараг бренд болсон. Энэ хуучны машинууд одоо хаа нэг явж харагддаг. Миний хань бас тээврийн жолооч байсан хүн. Ах нь өөрийнхөө барьж байсан гурван машиныг, эхнэрийнхээ гурван машины моделийг гэртээ хадгалдаг юм.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (7)