Дэлхий дахинд осол гэмтлийн улмаас жил бүр 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн бэртэж гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа бол үүнээс зам тээврийн ослын улмаас 1.25 сая гаруй хүн амь насаа алдаж 50 гаруй сая хүн бэртэж гэмтэж 65 тэрбум ам.долларын хохирол учруулж байгаа нь хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан болж байгаа тухай дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас онцолжээ.
Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 4951 бүртгэгдэн 5152 хүүхэд осолд өртжээ. Зам тээврийн ослын улмаас 196 хүүхэд амь насаа алдаж, 4956 хүүхэд гэмтэл авснаас 347 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн байна.
Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн гарцтай гарамтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд ихээхэн өртөж хохирдог. Орон нутгийн замд хүүхдийн хамгаалалтын бүс, хамгаалалтын суудал хэрэглэж хэвшээгүй, хэрэглэхгүй байгаагаас тээврийн хэрэгслээр зорчигч хүүхдүүд амь насаа алдсаар байна" гэж ЦЕГ мэдээллээ.