Иргэн Н.Ган-Очир УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан эсэхийг шалгуулахаар АТГ-т нотлох баримт хүлээлгэн өглөө.
Тэрбээр, “УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг 2020 онд төрийн эрхийг хууль бусаар авсан гэдгээр нь Авилгатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, УИХ-ын ёс зүйн байнгын хороонд гомдол гаргаад, нотлох баримтын хамт өгч байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн тойргоос гарахдаа иргэдийн төлөөлөгчдөд 500 сая төгрөг амласан. 200 сая төгрөгийг бэлнээр өгч, тухайн дүүргийг хууль бусаар худалдан авсан. Баримт нь дуу бичлэгээр бий.
Тухайлбал, би 200 сая төгрөгийг Э.Магнайбаярт өгөөд Баянгол дүүргийн төрийн эрхийг хууль бусаар авсан. Намдаа хоёр тэрбум төгрөгийг өгөөд УИХ-ын гишүүн болсон гэж ярьсан баримт бичлэг байгаа. Өөрсдийнхөө амаар ярьж буй учраас энэ хөдөлшгүй баримт гэж бодож байна.
Өмнө нь Тагнуулын байгууллагад өгсөн. Тухайн хэргийг хохирогчгүй гээд хаасан. Энэ хэрэг хохирогчтой. Хохирогч нь Монголын ард түмэн. Тийм учраас энэ хэргийг дахин шалгаж, энэ хүнд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү хэмээн нотлох баримт хүлээлгэн өгч байна. Төрийн эрхийг хууль бусаар авна гэдэг бол маш өндөр ялтай хэрэг. 20-25 жилийн ял оноодог. Эх орноосоо урваж байгаа хэрэг. Тухайн үед буюу 2020 оны 10 сард УИХ-ын гишүүн болсон байсан. УИХ-ын гишүүн давуу байдлаа ашигласан зэрэг гурван эрүүгийн хуулиар шийтгэгдэхээр болчихсон байгаа.
Манай хуулийн байгууллага эрх баригчдын төлөө хуулийг ашигтайгаар тайлбарладаг болчхоод байна. Өмнө нь өргөдөл, гомдол өгч байсан. Энэ удаа хуулийн байгууллагыг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй хэмээн хэвлэлийнхнийг дуудсан” гэв.
Д.Батчулуун