“Монголын циркчдийн хоёрдугаар чуулга уулзалт”-ын талаар Монголын мэргэжлийн циркчдийн холбооноос мэдээлэл өглөө. “Монгол Циркчдийн төлөөлөл болсон циркийн үйл ажиллагаа эрхэлдэг холбоод, байгууллагууд дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Соёлын төв өргөөд “Монголын циркчдийн II чуулга уулзалт” зохион байгуулах гэж байна. Чуулганд циркийн 30 байгууллага оролцоно. Циркийн олон байгууллага дор дороо үйл ажиллагаа явуулж байгааг нэгтгэх гэж байна. Цаашдын үйл ажиллагаандаа хамтын үйл ажиллагааг эрхэмлэх, нэг удирдлагатай болно. Өөрөөр хэлбэл, чуулганаар нэг төлөөлөл байгууллагаа шийдэх юм. Циркийн 30-н байгууллага эв санаагаа нэгтгэн, нийт циркчдийн эрх ашгийг яаж хамгаалах, цаашдын уран бүтээл, урын сангаа яаж өргөжүүлж тэлэх вэ гэдгийг хэлэлцэж, хамтран ажиллана. Дараа дараачийн циркийн ирээдүйн циркийн хөгжлийн гол хүчин зүйл нь бид бүгдийн эв нэгдэл юм гэдгийг чуулганаараа харуулах болно”.
Энэ үеэр Монгол Улсын Консерваторийн Циркийн тэнхимийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид циркийг төрөл төрлөөр нь хөгжүүлэх гэж их оролдлоо. Цирк бол өндөр шаардлагатай тоглолт юм. Циркийн урлаг тоглогдоход бүх талбар техникийн шаардлага хангадаггүй. Тэгээд төр засаг руугаа хандахаар циркийн олон байгууллага байгаа учир та нарын хэн нь толгойлж байгаа юм бэ, хэн нь илүү ач холбогдолтой юм бэ хэмээн асууж байгаа. Тиймээс төрөөс тавьж буй гол шаардлага бол нэгдээд ороод ир, тэгвэл төр засаг харж үзье гэсэн. Циркийн урлагт тулгамдаж байгаа асуудлыг нэгдэж, нийлж байж шийдэх хэрэгтэй юм байна. Эв нэгдэлтэйгээр нэгэн дээвэр дор орох гэж байна. Чуулганаар удирдлага, ТУЗ-ын гишүүдээ сонгон. Манай улсын цирк дэлхийд гурав, дөрөвдүгээрт ордог. Ийм сайхан амжилтыг ахмад үеийнхэн маань үлдээсэн. Залгамж халааг нь авсан бид Циркийг нураах биш цааш хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжлийн замаа бид хараад байна. Бид нэг л бодол санаатай болж байж хөгжих юм байна гэсэн үзэл баримтлалтайгаар үйл ажиллагаагаа эхлэх гэж байна” гэлээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)