Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Б.Баттүвшингээс ойт хээрийн түймрийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг тодрууллаа.
- Өнөөдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрт асаж буй түймрийн голомт бий юу?
- Одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт асаж буй түймэр байхгүй тайван байна. Дөрөвдүгээр сарын 18-нд Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоонд гарсан түймэр өнөө өглөө 05:30 минутад цурманд орсон. Одоогоор цурмын манаанд сум орон нутаг болон хилийн цэргийн анги нэгдсэн 46 алба хаагч ажиллаж байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 560 га талбай газар түймэрт өртсөн.
- Түймэр цурманаас гарах, ахин дэгдэх магадлал байгаа юу?
- Ерөнхийдөө байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан, салхи ихтэй үед цурманаас гарах тохиолдол байдаг. Харин өнөө өглөөний цурманд орсон түймэр дахин алдагдах эрсдэл бага байна.
- БНХАУ-ын нутаг дэвсгэрт түймэр тархсан гэсэн. Энэ тал дээр ямар арга хэмжээ авсан бэ?
- Хилийн зурвасаас гарсан түймрийг БНХАУ-ын тал унтраах арга хэмжээг авч ажилласан, түймэр бүрэн унтарсан.
- Сүхбаатар болон Хэнтий аймгийн нутагт гарсан түймэр бүрэн унтарсан уу?
- Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан түймэр дөрөвдүгээр сарын 20-ны 23:00 цагт бүрэн унтарсан. Мөн бусад түймэр бүрэн унтарсан буюу холбогдох албан тушаалтанд хүлээлгэж өгсөн.
Т.Мөнхжаргал