БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-н буюу маргааш solongos.hudulmur-halamj.gov.mn цахим системээр явуулна. Дээрх системийг өглөө 9:00 цагт албан ёсоор нээж бүртгэж эхлэх юм байна.
Иргэдэд бүртгэлийн програмтай танилцах боломж олгох зорилгоор 04-р сарын 21-нээс 23-ныг хүртэл Цахим бүртгэлийн програмыг туршилтаар түр хугацаатай ажиллуулжээ. Иргэд олноор хандаж бүртгэлийн туршилт хийхэд нийтлэг алдаа нь стандарт бус цээж зураг оруулах байсан байна. Тиймээс маргааш албан ёсны бүртгэлийн үед таны цээж зураг шаардлага хангаагүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй тул үүнд анхаараарай.
Бүртгүүлэхдээ юунд анхаарах вэ?
- Цээж зурагаа мэргэжлийн гэрэл зурагчнаар авахуулж файл хэлбэрээр бэлтгэсэн байх. Зураг нь нягтрал сайтай, цагаан дэвсгэр өнгө дээр БНСУ-ын визний зургийн нэгэн адил эгц урдаас авсан байх шаардлагатай. (Селфи зураг, хуучин зурагнаас татсан зураг, эгц урдаас аваагүй зураг зэрэг нь шаардлага хангахгүй)
- Цээж зураг нь 4.5х3.5 см хэмжээтэй, 300 пиксел, 40 кв-с дээш байх шаардлагатай.
- Бүртгүүлэх товч дарсны дараа таны гар утсанд мессежээр Q үсгээр эхэлсэн 9 оронтой код ирнэ.
- Банкны төлбөр төлөхдөө гүйлгээний утга дээр энэхүү кодын араас зай аваад утасны дугаараа бичээрэй.
Бүртгүүлэх иргэнд тавих шаардлага
18-39 настай байх (1982 оны дөрөвдүгээр сарын 26-аас 2004 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
Мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх;
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоохшалгалтын бүртгэлийн заавар бичлэг.
Эхний шатанд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдээс шалгалт авч тэнцсэн иргэдээс дараагийн шат буюу ур чадварын шалгалт авдаг байна. Дараа нь эрүүл мэндийн үзлэгт тэнцвэл тухайн иргэний мэдээллийг БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр байрлуулдаг аж. Инэгснээр БНСУ-ын ААНБ-ууд тэнцсэн иргэдлийн мэдээллийг харж ямар ажлын байранд ямар ажилтан авах хүсэлтэй байгаа захиалгаа өгсөнөөр хоёр тал гэрээгээ байгуулж явдаг юм байна.
Энэ талаарх тодорхой мэдээллийг дараагийн дугаартаа албан ёсны эх сурвалжаас мэдээлэл бэлтгэн хүргэх тул Та энэ мэдээний доор асуултаа үлдээх боломжтой.
Б.Эрдэнэ