2022 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагийн орчим БЗД аравдугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд Toyota Corolla Fielder маркийн автомашины жолооч Г, Toyota Premio маркийн авто машины жолооч Б, Toyota Prius маркийн автомашины жолооч Ц, Nissan Note маркийн автомашины жолооч О нар холбогдсон дөрвөн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч, ослын улмаас жолооч, зорчигч гурван хүн гэмтсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байна.
"Гэмтсэн гурван хүний хоёр нь гурван болон таван насны хүүхдүүд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба согтолтын зэргийг шалгахад 1.94% согтолттой байсан байна.
Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцоно уу.
Бидний буруутай үйлдлээс үүдэлтэйгээр хүний амь нас, эрүүл мэнд хохирох ёсгүй бөгөөд ялангуяа ирээдүй болсон хүүхдүүд маань хохирогч болж байгааг анхаарна уу" хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.