Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал 09.00 цагаас эхлэх юм. Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар оролцоно. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Нандинцэцэг оролцох юм.
Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан шүүх бүрэлдэхүүн татгалзсанаар өнгөрсөн сард тодорхойгүй хугацаанд хойшилсон.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тавдугаар сарын 12-нд болсон боловч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн юм. Тус нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлээд буй.
Дээрх шалтгаанаар даргалагч шүүгч Д.Доржсүрэн шүүх бүрэлдэхүүнд татгалзан гарах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэсэн билээ.
Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д зааснаар буруутгаж буй.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
- 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.