Дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг "Huawei"-д 7 жил ажиллах хугацаандаа "Huawei EurAsia" бүсийн Huawei Хэрэглэгчийн Бизнес Группын төлөөлөгчийн газар хариуцсан анхны гадаад захирлаар ажилласан Э.Нарангуатай ярилцлаа. Тэрбээр сүүлийн 3 жил Huawei төлөөлөгчийн газар хариуцсан гадаад захирлаар ажиллаад сая долдугаар сарын 31-нд ажлаа хүлээлгэн өгөөд Монголд түр амарч байх хугацаанд нь түүнтэй дэлхийн болон Монголын зах зээл дэх маркетингийн чиг хандлага, олон улсын багт ажилласан туршлага, бизнесийн манлайлал дахь эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг сэдвээр ярилцлаа.
-Олон улсын технологийн компанид ажиллахад соёлын ямар ялгаа, хүндрэлийг мэдэрч туулсан бэ?
-Huawei бол дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын компани. Тийм учраас дэлхийн олон үндэстний соёл, бизнесийн соёл, хандлага, хэрэгцээтэй хүмүүстэй хамтран ажиллах шаардлага гардаг.
Ондоо ялгаатай олон соёл, олон цагийн бүсийг хамарсан багуудтай нийцэж нэгдэн хамт сууж байгаа мэт ажиллах, шинэ шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын зах зээлд тохируулан Монгол хөрсөн дээр буулгаж ажиллах нь хамгийн нюанстай сорилт байдаг. Гадаад баг болон Монголоо холбож төлөөлөн ажиллана гэдэг сонирхолтой бас их үүрэг хариуцлагатай ажил.
Технологийн салбар маш хурдан хөгжиж байгаа тул шийдлүүд, шинэ технологиуд байнга хувирч өөрчлөгдөж байдаг. Энэ нь байнгын суралцах, эрж хайх, сонирхох шаардлага үүсгэдэг. Цаг бас золиос бас шаардна.
-Huawei-д ажилласан таны туршлага Монголын технологийн зах зээлийг харах нүдийг яаж өөрчилсөн бэ?
-Huawei болон Хятадын компаниудын өсөлт амжилтын хурдац дэлхийг гайхшируулж байна. Дэлхийн ухаалаг утасны зах зээлийг Хятадын компаниуд тэргүүлж, үйлдвэрлэл, банк санхүү, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины үйлдвэрлэлээр дэлхийг тэргүүлж байна гэх мэтээр ярьж байвал зогсохгүй.
Энэ утгаараа Huawei-д ажиллан, энэ хурдтай хөгжлийг дотроос нь мэдэрч, Монголын зах зээл дээрээ буулгаж харж, туулж байлаа. Манай зах зээл, хэрэглэгчийн хувьд Eurasia бусад орнуудтай харьцуулахад их өвөрмөц хэрэглэгчийн зан төлөвтэй бас хүн амтайгаа харьцуулахад импортын барааны худалдан авалтын багтаамж сайтай зах зээл.
Монголын хэрэглэгчдийн маань сурч, боловсрох, шинэ мэдлэг мэдээллийг дор нь шингээж сурч байгаа байдал зэрэг нь манай хэрэглэгчдийн шийдвэр гаргах зан төлөвийг илүү өвөрмөц онцлогтой болгож байдаг.
Энэ салбар дахь бизнесийн байгууллагуудын хувьд Eusrasia-даа манай Монголчуудын бизнесийн соёл маш өндөрт ордог. Манай салбарт ажилладаг Монгол хүмүүсийн маань бизнес харилцааны ур чадвар, хэлний түвшин, хэлэлцээр хийх ур чадвар, мэргэжилдээ мэргэшсэн байдал зэрэг нь их бахархмаар байдгаа.
-Та дэлхийн зах зээлээс авсан туршлагаа Монголд ямар байдлаар нутагшуулж, хэрэглэгчийн оюун санаанд хүргэж, борлуулалтыг нэмэгдүүлж байв?
-Тоочоод ярвал олон сайхан түүхүүд байгаа. Гэхдээ эдгээр ажлуудыг би хийсэн гэж ярихаасаа илүүтэй технологийн салбарыг шилдэг маркетерууд, хамтрагч байгууллагууд өөрийн баг хамт олонтойгоо хамтран хийсэн байдаг.
Жишээ нь, 2015 оноос дэлхий даяар дижитал болон мобайл маркетинг эрчимтэй хөгжиж эхлэх үед анхны инфлюенсер, сошиал медиа маркетингийн үндэс тавигдаж байсан. Үүнийг бид 2018-2020 онд Монголд анхны Social Media инфлюенсер маркетингийг Монголын зах зээлд нэвтрүүлсэн байдаг. Тухайн үед манай төрийн соёрхолт дуучин Болд ах, Ука эгч, Сэнтрал ТВ-гийн Анхбаяр гэсэн 3 нийгмийн нөлөөлөгчдөд санал тавьж, хамтран эхлүүлж байлаа. Одоо хаяа хүмүүс уулзахад Huawei брэндтэй тэр үеийн Болд ах, Ука эгчээр дамжуулан танилцаж байсан гэж хэлдэг нь дотно сайхан санагддаг.
Мөн хэрэглээний боловсролд чиглэсэн маркетингийн ажлуудыг олон салбарт хийж байсан. Жишээлбэл, шингэн хүнсний салбарт виноны хэрэглээ, түүх гэх мэт хэрэглэгчийн боловсролыг нэмэгдүүлэх, дурсамжтай сайхан маркетингийн ажлуудыг Монголд анх санаачлан хийж байсан. Мөн өөрийн технологийн салбарт, гар утасны камерын төрөлжүүлсэн хэрэглээ, хэрэглээний функцүүдийг заах, тайлбарлах, мэргэжлийн түвшинд хүртэл гар утасны камерыг ашиглаж болох талаар гайхалтай кампанит ажлуудыг Huawei P30, P40 бүтээгдэхүүний нутагшуулалтад хийж байсан. Гар утасаар хийгдсэн кино, клип, бүрэн хэмжээний видео, зураг авалтууд гээд л. Тухайн үедээ л гар утасны камерт хандах ач холбогдол, нийгмийн сэтгэхүйн өнцгийг бид өөрчилж байсан.
Борлуулалтын үр дүнгийн хувьд оновчтой, зөв, үр ашигтай маркетинг хийгдэхэд хэрэглэгчийн урсгал дагаад нэмэгддэг зарчимтай. Энэ боломжийг ашиглан гайхалтай сайхан ажлууд дээр хамтран ажилласан байсан баг хамт олон, хамтран ажиллагч хувь хүмүүстээ энэ дашрамд талархлаа илэрхийлье.
-Та 2010-аад оны маркетинг, одоогийн 2020-аад оны маркетингийг харьцуулахад юу өөр болсон гэж боддог вэ?
-
Хамгийн чухал зүйл бол 10-аад жилийн өмнөхтэй харьцуулахад, зөвхөн Монголд ч биш, дэлхий даяар маркетингийн салбар, маркетингийн ажлуудын ач холбогдол, ажлын үр дүнг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болсон байна. Тухайлбал, 2025 оны байдлаар дэлхийн маркетингийн салбарын нийт дундаж зардал сүүлийн 10 жилд 1.3 триллион ам.доллар болж, 3 дахин өссөн байна.
-
Зардлын хувьд илүү технологи төвтэй дижитал ба мобайл маркетинг хийдэг болсон тул зорилтот үр дүнг тодорхойлж, маркетингийн хөрөнгө оруулалтын үр өгөөж илүү өндөр болсон байна.
-
Ерөнхий маркетингийн стратегийн хувьд, өмнө нь зөвхөн бүтээгдэхүүн төвтэй маркетинг хийдэг байсан бол одоо илүү зорилтот хэрэглэгч төвтэй, хэрэглэгчийн сэтгэл ханамж ба туршлагад чиглэсэн маркетинг хийдэг болсон. 6P буюу Product, Price гэх мэт уламжлалт маркетингаас 5A маркетинг руу шилжсэн гэж хэлж болно. Энэ нь өнөөдөр дэлхий даяар олон брэндүүдийг илүү амжилттай, илүү өндөр үр өгөөжтэй болгох маркетингийн арга хэрэгсэл болж байна. Үүнтэй холбоотойгоор дата нь байгууллагын маш үнэ цэнтэй хөрөнгө болж байна.
-
Эцэст нь, маркетингийн ажлууд газар нутгийн хил хязгаар давах, илүү өргөн цар хүрээтэй, илүү хурдан хэрэгжих боломжтой болсон.
-Та дэлхийн зах зээлд өрсөлдөж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хурдыг Монголын нөхцөлтэй харьцуулахад хэр зөрүү мэдрэгддэг вэ?
-Зөрүү байдаггүй. Монголын хэрэглэгчид, технологийн салбарын бизнес эрхлэгчид маш хурдтай. Хамгийн шинэ, содон онцгой бүхнийг цаг тухайд нь хэрэглэгчдэдээ хүргэхийн тулд биднээс ихийг асуудаг нэхэж байдаг. Хэрэглэгчид ч гэсэн өнөөдөр дэлхийд юу танилцуулагдана тэр шинэ технологийн дэвшлээс хоцрохгүй байхыг эрмэлздэг.
-Монгол хэрэглэгч технологийн шинэчлэлд хэр мэдрэмжтэй, хүлээн авах чадвар ямар байдаг вэ?
Маш мэдрэг, хурдан. Ялангуяа технологийн хэрэглэгчийн бизнес, гар утасны салбарт. Жишээлбэл, гар утасны өргөн зурвасын нэвтрэлт 120 хувь хүрсэн байдаг. Энэ нь нэг хэрэглэгч нэг болон олон төхөөрөмжид SIM картыг зэрэг ашиглаж байгааг илтгэнэ.
4G/LTE сүлжээ нь нийт хүн амын 99%-ийг хамардаг тул аливаа технологийн бизнес хөгжихөд таатай орчин бүрдсэн. Засгийн газрын зүгээс “Digital Nation” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа нь технологийн хөгжилд таатай орчин бүрдүүлж, түлхэц өгч байна.
Та Монголд хэрэгжүүлсэн хамгийн амжилттай технологийн маркетингийн кампанит ажлын жишээ хуваалцаач?
Хамгийн сүүлд бид "Huawei Мate XT" TriFold буюу гурван нугалдаг гар утсыг Монголын зах зээлд маш амжилттайгаар дэлхийн нээлттэй зэрэгцүүлэн танилцууллаа. Мобиком, PC Mall, Сайн Электроникс & Unitel гэсэн 4 байгууллага албан ёсоор оруулж ирсэн. Энгийн нэг бүтээгдэхүүн биш шүү дээ. Цоо шинэ түвшний хэрэглээний үнэ цэнэ, төсөөллийн хязгаарыг эвдсэн шинэ технологийн туршлагыг бид хамтран Монголынхоо хэрэглэгчдэд цаг тухайд нь танилцуулсан.
-Олон улсын мэргэжилтнүүдтэй өдөр бүр ажиллахад Монгол залуусын давуу болон сул тал юу байв?
-
Давуу тал: Монгол хүмүүс хурдан суралцдаг, софт скилл сайтай, логиктой.
-
Сул тал: Хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бодит байдалтай нийцэхгүй байх нь тохиолдол элбэг ажиглагддаг. Энэ нь аливаа хувь хүн өсөж хөгжих суралцах хурдад сөрөг нөлөөтэй. Ихэвчлэн шинэ үеийн залууст илүү анзаарагддаг.
-
Хятадын залуучуудын хувьд биеэ тоох, эго гэдэг зүйл огт байдаггүй. Байсан ч тэр нь ширээн дээр ил байдаггүй. Тэд сурч хөгжихөд нээлттэй байдаг, ажлын байрны өрсөлдөөн их тул ур чадвараа байнгын өнгөлж байдаг. 2т багын хамтын ажиллагаа маш сайн 3т маш тууштай.
-Дэлхийн зах зээлд Монгол залуус гарахын тулд ямар чадвар, ямар хандлагатай байвал давуу тал болох бол?
-
Хэл сурах нь хамгийн чухал. Харилцаа ойлголцлын гол түлхүүр.
-
Сурахад үргэлж нээлттэй, би л мэддэг, чаддаг, алдаг гэдэг бодлоо ардаа түр хаяад хэдэн настай хэр их туршлагатай хүн байсан ч шинэ мэдлэгт нээлттэй байгаарай гэмээр байна.
-
Бүх зүйлийг мэддэг чаддаг байх бус, аливаа тухайлсан нэг зүйлдээ л мэргэшиж, тэр чиглэлээрээ өөрийгөө гүнзгий хөгжүүлэх нь дэлхийн зах зээлд гарахад давуу тал.
-Таны ажиллаж байсан багт олон орны залуус багтдаг байсан уу? Хамгийн сонирхолтой соёлын ялгаа?
-Манай бүсийн багт 7-8 орны залуус байдаг. Бүгд өөр өөр хэл, шашин соёлтой. Шинэ жилийг хэрхэн хүлээж авч тэмдэглэх ялгаа их хөгжилтэй бас өөр байдаг. Хятадуудын хувьд хамгийн том баяр нь Цагаан сар бол Европжуу соёлтой бидний хувьд 12.31 он солигдох хамгийн чухал момент байдаг. Нэг нэгнийхээ соёлыг хүндэтгэн өөр өөр үндэстний өөр өөр баярын ялгаа ач холбогдол, зөрүүг ойлгох шаардлагатай байдаг. Мөн орон орны хүний өөр өөр аялагатай глобалчлагдсан англи хэлийг ойлгох хэрэгцээ бас зөрүү гарна.
Манай Монголчууд нэгнийхээ хөл дээр гишгэхээр гар барьдаг автомат зуршилтай байдаг. Энэ зуршил нь өөр орныхонтой байхад хөгжилтэй ч гэмээр содон нэг зуршил болсон байдаг. Зарим үед эмэгтэй хүнтэй гараа барихгүй, эрэгтэй хүнтэй тэвэрч мэндлэхгүй гэх мэт шашнаас үүдсэн соёлын ялгаа ч байдаг.
-Монголын брэндүүдийн хамгийн том сул тал юу вэ? Бидэнд юуг илүү хөгжүүлэх шаардлага хэрэгцээ байгаа вэ?
-
Дэлхийн том компаниуд Маркетингийн ажлууд, сувгуудын үр дүн, хөрөнгө оруулалтын үр ашгийг олон янзаар, нарийн нарийвчлалтайгаар сувгаар болон бусад хэмжигдэхүүнүүдээр хэмжиж, хянаж болох болсон. Энэ талаар олон улсын туршлагыг дотоодын маркетерууд бас сонирхож судлах, сурсанаа нийгэмдээ түгээгээсэй гэж хардаг.
-
Хүний нөөцийн асуудал: Мэргэшсэн экспертүүд, сонгосон мэргэжилдээ дурлаж, чин сэтгэлээсээ хичээн ажилладаг залуус олон төрөөсэй гэж хүсдэг. Боловсролын салбарт инженер техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. Энэ нь өөрөө технологи суурьтай зуунд эдийн засаг, хөгжлийн хурдацтай, амжилттай хөгжих үндэс болно..
-
Салбарын нөлөөлөгчийн идэвхтэй оролцоо: Технологийн салбар нь дэлхийн банк санхүүгийн салбарын араас орох эдийн засгийг бүрдүүлэгч хамгийн чухал салбарын нэг болсон. Тиймээс ард иргэд хэрэглэгчдээ энэ салбарын хөгжлөөс хоцроохгүй дагуулж явах хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олны танил нөлөөлөгч, влогерууд төрөх хэрэгтэй гэж боддог. Монголд энэ чиглэлээр мэргэшээд хөгжөөд явж байгаа цөөхөн хүн байдаг. Ихэвчлэн энтертэйнмэнт, Life style гэх мэт
-Эмэгтэй хүний хувьд бизнесийн салбарт, тэр дундаа технологийн ертөнцөд манлайлахад ямар давуу болон хүндрэлтэй бэрхшээл байдаг вэ?
-Технологийн салбарт хүйсийн эрх тэгш байдал, цалин, албан тушаалын ялгаа харьцангуй бага байдаг. Манай салбарт гадаадын болон манай Монголын маш олон хүчирхэг, ухаалаг сайхан эмэгтэй лидерүүд байдаг. Би бол тэдний нэгээхэн хэсэг багахан төлөөлөл.
-Гэр бүл, карьер хоёрын тэнцвэрийг хэрхэн хадгалж ирсэн бэ?
-Хувийн амьдраг гэр бүл хувь хүн гэсэн 2 ойлголтыг хамруулах байх. Гэр бүлийн хувьд хоёр талын харилцаанд хамгийн гол зүйл бол харилцан ярилцах, ойлголцох явдал. Гэр бүл тань таны үнэт зүйлсийг дэмжиж, хүндэтгэдэг байх нь чухал. Амралтын өдрүүд, амарч байгаа цагаа гэр бүлтэйгээ үр дүнтэй, чанартай цагийг өнгөрөөхийг хичээдэг.
Хувь хүний хувьд тархиа амраах биеэ эрүүл байлгахад анхаарч спортоор хичээллэнэ. Ганцаараа alone time-ыг өглөөд авна. Өдөр бүр биш ч тогтмол хугацаанд ном уншиж тархины орчноо солих дуртай.
-Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн эмэгтэй манлайлагч хэн байсан бэ?
-Олон бий. Түүнээс хамгийн хүчтэй нөлөөлөл үзүүлсэн хүн бол хятад бүсгүй бий, Жоу Яндан гэдэг. Одоо ч манайд ажиллаж байгаа Huawei-ын чадварлаг, толгой цохисон эмэгтэй лидерүүдийн нэг. Тэр хүнээс бизнесийн салбарт эмэгтэй манлайлалын давуу тал, хатуу зөөлөн хосолсон ньюанстай шийдвэр гаргалтын эвлэгхэн ухаан. Шийдэлд чиглэсэн хамтын ажиллагаа, манлайллын харилцааны ур чавдар гээд олон зүйлийг сурсан байдаг.
Б.Хуяг