“Шаргын уулаа хамгаалан тэмцсэн минь учиртай” “Баяншарга” сонин, bayansharga.mn сайтын эрхлэгч Л.Борын “Шаргын уулаа хамгаалан тэмцсэн минь учиртай” номын нээлт өнөөдөр Интерном номын өргөөнд боллоо.
Тэрбээр хариуцлагагүй уул уурхайг халж, газар дэлхий, уул усаа бүрэн бүтэн байлгаж, хойч үедээ үлдээхийн төлөөх тэмцлийн түүхээ хураангуйлан ном болгон баринтагласнаа ийнхүү уншигч олноо толилуулж байгаа юм.
Монгол Улс газрын хэвлий дэх баялгаа эргэлтэд оруулах зорилгоор 1997 онд Ашигт малтмалын тухай хууль баталж, уул уурхайн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр баялгаа тарааж эхэлсэн. Гэвч зарим уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж гол ус хатан ширгэж, газрын хөрс сүйтгэгдэж, бэлчээр талхлагдахаас гадна хүн ардын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, эрүүл мэндээр хохирох тохиолдол гардаг. Тийм учир амьдралынхаа 15 жилийг ил тод, нээлттэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөөх үйл хэрэгт зориулахдаа Л.Бор Сүхбаатар аймаг дахь Баяншарга ууланд олгогдсон уул уурхайн 6 тусгай зөвшөөрлийг цуцлуулж чадсан юм.
Түүний “Шаргын уулаа хамгаалан тэмцсэн минь учиртай” номын нээлтэд АИХ-ын дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Гомбожав, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа зэрэг нийгэм, улстөрийн зүтгэлтнүүд оролцож баяр хүргэхийн зэрэгцээ уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг байнга сануулж, мэдээлэл хүргэж, мэдлэг олгож байдагт талархал илэрхийллээ. Л.Бор “Хүлгийн нэртэй шүтээн” (Б.Сүхбаатарын хамт), “Сэтгэлийн байгаль буюу Д.Нямсүрэн”, “Диваажин лугаа Британи орон”, “Шаргын уулын сангийн судар”, “Шаргын шаргал уулсаа хамгаалан тэмцсэн минь учиртай” номуудыг хэвлүүлж, олон нийтэд хүргэжээ.