Нийгмийн сүлжээнд 2022 оны долдугаар сарын 1-нээс Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэд ямар нэгэн тусгаарлалт хийхийг зогсоосон тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны тамгатай албан бичиг тавигдсан.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэвлэлийн алба, "Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэд дотооддоо буюу Монголд тусгаарлагдах шаардлагагүй болж байгаа нь үнэн. Гэхдээ онгоцонд суухаас өмнө заавал PCR шинжилгээ өгөх, мөн нэмэлт дүрэм журмыг мөрдөх учиртай. Онгоцноос буугаад Хятадын хот бүрд тусгаарлалтын хоног өөр, өөр байгаа. Тиймээс тэр журмын дагуу онгоцноос буугаад заавал тусгаарлагдах ёстойг анхааруулж хэлье. Ихэнх хотууд 10-14 хоногийн тусгаарлалт мөрдөгдөж байгаа" гэсэн юм.
Мөн ГХЯ хүлээн авсан эсэхийг тодруулахад "Манай яаманд албан ёсоор энэ тухай мэдэгдээгүй байна. Хятадын ЭСЯ-ны Консулын хэлтсээс ийм тодорхойлолт одоогоор гаргаж өгөөгүй байна. Худлаа мэдээлэл" гэсэн юм.
Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас шуурхай анхааруулга бүхий мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд "Монгол Улсад Фэйсбүүк зэрэг мэдээллийн хэрэгслээр “2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, Монгол Улсаас БНХАУ-д зорчих бүх иргэд тусгаарлалтад орохгүй ” гэх мэдээлэл тархсан нь ташаа мэдээлэл болно.
БНХАУ-д зорчихтой холбоотой хамгийн сүүлчийн шинэчлэгдсэн зохицуулалтыг манай Элчин сайдын яамны албан ёсны вэбсайтаас “2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан БНХАУ-д зорчих иргэд эрүүл мэндийн код/ эрүүл мэндийн гэрчилгээ авах шинэчилсэн журам ”-аас харна уу" гэв.