Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зургадугаар сарын 19-ний өдөр долоон настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Энэ нь Монгол Улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан долоо дахь мэс засал бөгөөд ЭХЭМҮТ-д хийсэн анхны мэс засал юм.
Долоон настай охины ээж нь донор болсон бөгөөд эх, хүүхдийн бие сайн байгаа юм. Охинд элэг шилжүүлэн суулгасан мэс заслын дараах эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаа бол донор болсон 29 настай ээжийнх нь бие сайжирч эмнэлгээс гарчээ.
Охин цөсний битүүрэлтэй төрсөн бөгөөд төрөөд 45-хан хоногтой байхдаа тус эмнэлгийн ерөнхий мэс заслын тасагт элэг шилжүүлэн суулгах мэс заслын урьтал хагалгааг хийлгэж, эмчийн хяналтад өнөөг хүртэл байсан. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах энэ мэс заслын өртгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцжээ.