НОБГ, НЦУГ, НЭМГ-аас Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлж байна. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Яаралтай тусламж болон Эрүүл мэндийн байгууллага хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн оны амралтын өдрүүдэд дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр 9 мянга гаруй үзлэг хийгдэж байсан байна. Мөн 9269 түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэн ажилласан байна. Энэ жилийн баяр наадмын өдрүүд олон хоног үргэлжилнэ. Баярын наадмын өдрүүдэд эмнэлгийн болон түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн хөдөлгөөнт тусламж үйлчилгээ, ковидын халдвар илрүүлэх шинжилгээг тасралтгүй явуулна. Усанд осолдсон үеийн тусламж үйлчилгээ, хоолны хордлого, наршилтаас сэргийлэх, харшил, гэмтэл ослоос сэргийлэх мэдээллүүдийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас цахим сүлжээнд мэдээлж байгаа.
Үүнээс онцлон хэлэх нэг зүйл бол уламжлалт байдлаар сархад, хорхог, айраг хэрэглэдэг. Өндөр градустай сархад, айраг, хорхог гурав нийлэхээрээ нойр булчирхайн цочмог үрэвсэл өгдөг. Тиймээс энэ гурваас өөр сонголтууд хийж, хоолны дэглэмээ барихыг анхааруулж байна.
Ковидын халдварыг илрүүлэх хоёр цэг ажиллаж байна. Хүй долоон худаг дээр хоёр цэг, Сүхбаатарын талбайн урд нэг цэг ажиллана. Дархлаажуулалтыг хоёр цэг ажиллана. Бусад цэгүүд амарна. Яаралтай тусламжийн хөдөлгөөнт 14 цэг өдөр бүр ажиллана. Есөн дүүргийн Эрүүл мэндийн төв дээр дөрвөн төрлийн төрөлжсөн мэргэжлийн кабинетууд ажиллана. Нэг өдөрт 430 орчим эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ажиллана” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)