НОБГ, НЦУГ, НЭМГ-аас Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлж байна. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд нийслэлийн онцгой байдлын газраас завьт эргүүлийг ажиллуулснаар усанд эндсэн иргэдийн 10 цогцсыг гаргаж, живэх эрсдэлтэй байсан 36 иргэнийг аварсан. Шадар сайдын баталсан үер уснаас үрсээ хамгаалъя аяны хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас "Анхаарахад л болно" аяныг эхлүүлсэн байгаа. Энэ аяны гол зорилго бол усны ослыг бууруулах, аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх зэрэг юм. Есдүгээр сарын 15-н хүртэл үргэлжилнэ.
Мөн амралт, зугаалгын үеэр иргэдийг ус гол мөрөн нуурт осолдохоос сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Зориулалтын биш хийлдэг завь, гудас, тэр бүү хэл автомашины дугуйн хаймар ашиглаж хөвөхгүй байхыг анхааруулж байна.
Зургаадугаар сар олон жилийн дунджаас бороо их орсон сар байсан учраас гол мөрөн үерлэсэн байгаа тул амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Усны ослын үндсэн гурван гол шалтгаан нь
- Олноороо зугаалж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ "Би сэлж чадна" хэмээн эрдэж ус руу орсноор шөрмөс нь татаж осолддог
- Бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сулруулснаас болж хүүхдүүд энддэг
- Зам товчлох нэрийдлээр дур мэдэн тээврийн хэрэгслээр гатлах гэж байгаад живдэг
Гол мөрөнд 50 м-ийн зайнаас ойр буухгүй байх, хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулах, баталгаатай зам гүүрээр гарч "Анхаарахад л болно" гэдгийг зөвлөмөөр байна" гэв.
Д.Батчулуун