Өмнөх дугаарт Арын сайхан хангай нутгийн онцлох байгалийн дурсгалт газруудыг танилцуулсан бол энэ дугаарт өврийн сайхан хангай буюу Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг болох Өвөрхангай аймгийг онцоллоо.
Өвөрийн сайхан хангай нутаг нь нийт 63 мянган км2 нутаг дэвсгэр, 113 мянга орчим хүн амтай томоохон аймгуудын нэг. Улаанбаатар хотоос 431 км зайтай. Энэ нутагт Монгол Улсын төв цэг оршино. Бүрд сумын нутагт байрлах Өвөрхөшөөт буюу Онгон уулын Монгол Улсын төв цэг хэмээн нэрийддэг.
Газар зүйн хувьд хойд талаараа хангайн нурууны салбар уулс, төв хэсгээрээ хөндийн тал, өмнө хэсгээрээ Алтай нурууны салбар уулс, элсэрхэг тал хээр нутаг хосолсон гурван бүсийг хамардаг.
Тийм ч учраас байгалийн болон түүхийн дурсгалт газруудаараа алдартай, Монголын аялал жуулчлалын томоохон бүс нутагт тооцогддог. Өвөрхангай аймагт Арц богд, Хужиртын рашаан, Хүйсийн найман нуур, Хархорум хот, Эрдэнэ зуу хийд, Улаан цутгалан, Төвхөн хийд зэрэг дурсгалт газрууд бий. Түүнчлэн Орхон, Онги гол урсах тул эрүүл мэндийн рашаан, ус элбэг байдаг.
Т.Мөнхжаргал