Монголын үзэсгэлэнт байгалийн цогцолбор газар бүхий аялал жуулчлалын томоохон бүс нутгийн нэг болох Баян-Өлгий аймаг нь 45 мянган км2 нутаг дэвсгэр, 100 мянга орчим хүн амтай. Улаанбаатар хотоос 1709 км зайд оршдог. Хүн амын ихэнх нь Казак үндэстнүүд бөгөөд Монгол овгийн Урианхай, Тува ястнууд амьдардаг.
Газар зүйн хувьд баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө засах орон, хойд талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улс, зүүн талаараа Увс аймаг, зүүн ба урд талаараа Ховд аймагтай хиллэдэг.
Энэ нутагт Алтай таван богдын байгалийн цогцолбор газар, Бага Ойгорын цагаан салааны хадны зураг, Ёлтын сав газар, Потанины мөсөн гол, Бага түргэний хүрхрээ, Толбо нуур, Ачит нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг. Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай.
Та бүхэн Баян-Өлгий аймгийн нутгаар зочилж Казак түмний аж ахуй, соёл, түүх, ёс заншилтай танилцаж Монгол түмний бас нэгэн үндэстний гайхамшгийг мэдрээрэй.
Т.Мөнхжаргал