Аяллын улирал эхэлсэн энэ үед таны аяллын маршрутад тус болох таван аймгийг онцолж байгаа билээ. Энэхүү булангийн маань онцлох сүүлийн аймаг бол Хөвч тайгын Хөвсгөл аймаг юм. Ингээд та бүхэнд тус аймгийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Хөвсгөл аймаг нь Булган, Архангай, Завхан аймагтай хиллэх ба Улсын хилээр зааглагдаж ОХУ-ын Тува, Буриад улсуудтай хаяа залгадаг. Улаанбаатар хотоос 779 км зайтай.
Хөвсгөл аймаг нь нийт 103 мянган км2 газар нутаг, 123 мянга орчим хүн амтай томоохон аймаг. Нутгийн иргэдийн ихэнх хувийг Халх, Дархад, Хотгойд, Урианхай, ястнууд эзлэх ба тайгын Цаатан отгийн хүмүүс энд амьдардаг.
Хөвсгөл аймаг нь амьтан, ургамал, ашигт малтмалаар баярлаг, түүх, байгалийн дурсгалт газар арвинтай, онгон дагшин байгалийн өлгий болёон нутаг юм. Үндсэндээ уулархаг нутагтай тул уул, ус, ой, хөвч, тайга хосолсон байгальтай. Энд Соёны бүс нутаг, Хөвсгөл далай, Даян дээрхийн агуй, Уушгийн өврийн буган хөшөө, Улаан толгойн буган хөшөө, Дархадын 13 овоо, Цаатны нутаг зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд бий тул аялахад нэн тохиромжтой.
Т.Мөнхжаргал