“Вайнд Майнд” ХХК-ны ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоолоо. Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын их тохойрол” газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Вайнд Майнд” ХХК нь зөвшөөрөлгүйгээр гадаргын усыг технологит ашиглаж, уурхайн ухлагийн хэт бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлийг илрүүлэв.
Нийлүүлсэн хэсгээс бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор шинжилгээнд дээж авч, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2022 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 20 цагт зогсоож шийдвэрлэв хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдээллээ.