Альфабүүк номын дэлгүүр хаврын номын баяраар зохиолч Г.Аюурзанийн бичсэн зохиол бүтээлийн түүвэр болон түүний орчуулгийн зохиолуудыг нэгтгэсэн “Аюурын хар номууд” буюу “Шинэ үеийн номын сан” багцыг уншигчдийн гарт хүргэж байв. Харин ирэх номын баяраар Л.Өлзийтөгсийн зохиолуудаар уншигчдадаа бэлэг барьж байна. Альфагийнхан хоёр зохиолчийн номыг хэвлэх онцгой эрхийг эзэмшиж байгаа бөгөөд номын дизайн болоод хэвлэл, борлуулалтийн эрхийг албан ёсоор эзэмших юм.
Ирэх есдүгээр сарын 16,17-ны өдрүүдэд уламжлалт номын баяр болно. Энэ үеэр зохиолч Л.Өлзийтөгсийн зохиол бүтээлүүд цоо шинэ хэвлэлттэйгээр уншигчдийн гарт очих юм.
Энэ талаар Альфабүүк номын дэлгүүрийн захирал Д.Оюунсүрэн “Монголын маань зохиолчид номоо бичихээс гадна хэвлэлд бэлтгэх, захиалга өгөх, хэвлэх үйлдвэрээс очиж авах, түүнийгээ хадгалах, номын дэлгүүрүүдэд зөөх, тооцоо хийх гэх мэт олон ажлыг зөвхөн өөрөө хийх шаардлагатай тулгардаг. Энэ нь эргээд цаг хугацаа их ордог. Гэтэл дэлхийн жишигт, зохиолчид хэвлэх эрхийг сонгож эрх авсан газар номыг нь эрхлэн гаргах, ковер дизайныг шийдэх, маркетинг, борлуулалтыг бүрэн хариуцсанаар зохиолч зөвхөн зохиолдоо анхаарах боломжийг өгдөг. Тиймээс үүнийг Монголдоо нэвтрүүлэх гээд хоёр том зохиолчоосоо эхэлж байна” хэмээсэн юм.
Т.Мөнхжаргал