Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням танилцуулав.
Гал түймэр, аврах ажиллагааны нийт дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.8 хувиар өсжээ. Он гарснаас хойш аюулт үзэгдэл, ослоос 2377 иргэний амь аварч, 78.5 тэрбум төгрөгийг авран хамгаалсан байна. Нийт дуудлагыг өмнөх гурван жилийн дундажтай харьцуулахад, 14.4 хувиар буурсан байна.
Он гарснаас хойш үерийн 120 гаруй дуудлагад ажиллаж, 150 иргэнийг аварчээ. Сүүлийн 12 жил гол усны аюулаас урьдчилан сэргийлэх эргүүлийг зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд усны ослын 42 дуудлага бүртгэгдэж, 80 иргэнийг аварчээ. Мөн нөлөөллийн ажил хийсний үр дүнд, тухайлбал, усанд осолдсон иргэдийн тоо 3.5, дуудлага 17.7 хувиар буурчээ. Өнгөрсөн хавар хуурайшилт их байсан ч холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч, ногоон бүсэд эргүүл зохион байгуулснаар томоохон ой, хээрийн түймэр гараагүй байна.