Монгол хүүхэд бүрийн хэлд ороод л дуулж сурдаг "Маамуу нааш ир" дууны 66 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт Д.Лувсаншаравын аялгуугаар олны хүртээл болсон энэ дууны шүлгийг төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн бичсэн билээ.
"Маамуу нааш ир"-ийг анх 1956 онд гавьяат жүжигчин В.Долгор дуулж олны хүртээл болгосноор Монгол Улсын хамгийн алдартай хүүхдийн дуу болсон юм. Уг дуунд зориулж Хүүхдийн ордны баруун талд 2011 онд хөшөө босгож байв.
2016 онд дуу бүтээсний 60 жилийн ойд зориулан аравдугаар сарын 25-ны өдөр 11.00 цагаас үндэсний хэмжээнд "Маамуу нааш ир"-ийг дуулах арга хэмжээ зохиож байлаа. Хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав дууг зохиох үеднн ОХУ-д сурч байсан бөгөөд амралтаараа ирээд дууны шүлгийг яруу найрагч Ч.Лхамсүрэнгээс хүлээн авч бяцхан охин Л.Халиунсүрэнгийнхээ тоглож байхдаа амандаа шулганасан авианаас санаа аван аяыг нь бичсэн гэдэг.
Үг: Ч.Лхамсүрэн
Ая: Д.Лувсаншарав
Маамуу нааш ир
Маамуу нааш ир Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхия, машин барьж явъя
Ном сонин уншъя, ногоон модоо тарья
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Ах, эгч хоёрын авчирсан тоглоом бий шүү
Хүрэн баавгай хөтөлье, хүчит заанаа тууя
Хүүхэлдэйтэйгээ хамт хөөрхөн тоглоом тоглоё
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхия, машин барьж явъя
Ном сонин уншъя, ногоон модоо тарья.
С.Сүлд