“Би 29 настай. Намайг ихэнх хүмүүс гэрлэсэн, хүүхэдтэй байх ёстой гэж хардаг. Гэтэл би ганцаараа амьдраад долоон жил болж байна. Энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлж, ажлын карьертаа анхаарах боломжтой болсон” гэж Б.Бадамсүрэн инээмсэглэн ярина.
Цагаан сараар хамаатнуудын “Хүнтэй суусан уу?” гэх асуултад ихэнх хүн л өртөж байсан байх. Өмнө нь гэр бүлтэй болно гэдэг амьдралын зайлшгүй нэг хэсэг гэж боддог байсан бол өнөөдөр залуусын дунд ганц бие байх нь шинэ хэв маяг болжээ. Энэ нь карьер, аялал, санхүүгийн бие даасан байдалд илүү анхаарах боломжийг өгч байгаа боловч нөгөө талдаа нийгмийн хандлага, гэр бүлийн дарамтыг авчирсаар байна.
-ЗАЛУУСЫН ШИНЭ СОНГОЛТ-
Нэгэн цагт 20 гаруйхан насандаа хуримаа хийж, гэр бүл зохиох нь хэвийн үзэгдэл мэт байсан. Харин одоо ихэнх залуус эхлээд боловсрол, ажил мэргэжил, санхүүгийн бие даасан байдлаа шийдвэрлэхийг илүүд үзэх болжээ.
27 настай Г. Буянхишиг “Гэр бүлтэй болохыг хүсэхгүйдээ биш, одоо зөв цаг нь биш гэж боддог. Байр, тогтвортой ажил, санхүүгээ бүрэн шийдвэрлэх хүртлээ ганцаараа амьдрах нь илүү зөв санагддаг” гэж хуваалцлаа.
Монголд анхны гэрлэлтийн дундаж нас 2020 оны байдлаар эрэгтэй 29, эмэгтэй 26 байсан бөгөөд үүнийг 2010 онтой харьцуулбал эрэгтэйд 3, эмэгтэйд 2 жилээр хойшилжээ. Энэ нь дэлхий дахинд ажиглагдаж буй ганц биеэр амьдрах хандлага өсөж буйтай холбоотой юм. Энэ талаар Б.Бадамсүрэн “Эмэгтэй хүн гэдэг эрэгтэй хүнээс өөр нь хүүхэд төрүүлвэл хоёр жил гэртээ суух хэрэг гардаг. Тэгэхээр хоёр жилийн карьераа алдна гэсэн үг. Тийм болохоор эхлээд өөрийн ажилдаа анхаарч дээшлээд тогтвортой болсон дараа хүнтэй гэрлэх нь зүгээр гэж боддог” гэлээ.
Социологичид: Ганц бие байх нь зөвхөн хувь хүний сонголт бус, хотжилт, боловсрол, эдийн засгийн нөхцөлтэй шууд холбоотой. Тэдний үзэж буйгаар, залуусын хувьд “гэрлэх, хүүхэдтэй болох” уламжлалт хэв маяг эрт үедээ тохиромжтой байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байна. (OECD Asia/Pacific Report, 2025).
-ДЭЛХИЙН ХАНДЛАГА-
АНУ, Япон, Өмнөд Солонгост дундаж анхны гэрлэх нас 30-аас дээш болж, гэрлэлт хойшлох хандлага түгээмэл болжээ. (worldpopulationreview.com)
“Супержендер” хөдөлгөөн, боловсролтой эмэгтэйчүүдийн карьерт төвлөрөх хандлага дэлхий даяар хүчтэй нэмэгдэж байгаа нь Монголд ч ажиглагдаж байна (The Guardian, 2018). Энэ нь, ганц бие байх зөвхөн Монголын соёлын асуудал биш, дэлхий нийтийн шинэ хандлага болохыг харуулж байна.
Хүүе ээ, хүүхэд чинь оройтлоо...
Гэр бүл, ахан дүүс, найз нөхдөөс ирэх дарамт нь залуусын өдөр тутмын сорилт. Ганц бие байх нь хувь хүний сонголт, амьдралын хэв маягийн шинэ чиг хандлага болжээ. Энэ нь зөвхөн ганцаардлын асуудал биш, харин өөрийгөө хөгжүүлэх, карьерт анхаарах, санхүүгийн бие даасан байдлаа сайжруулах боломжийг залуусд олгож байна.
Монголын нийгэм хуучин уламжлалаа ардаа үлдээж, энэхүү шинэ хэв маягийг хүлээн зөвшөөрч дэмжвэл залуу үеийн сэтгэл зүй амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм.
О.Удвал
Сэтгэгдэл (1)