Сэлэнгэ аймгийн харьяат ахмад багш Д.Нинаг ярилцлагын буландаа онцоллоо. Тэрбээр боловсролын байгууллагад 37 жил ажиллаж, гавьяаны амралтдаа гарч өдгөө Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд амьдарч байна. Цар тахлын хөл хорионд байх хугацаандаа өөрийн шинэ авьяасаа хөгжүүлж хүүхэлдэйн нэхмэл хийж эхэлсэн түүний бүтээлүүд өөрийн гэсэн өнгө төрх, өгүүлэмжийг илэрхийлжээ. Ингээд ахмад багш, хүүхэлдэй урлаач Д.Нинатай ярилцсаныг хүлээн авна уу.
-Бидний урилгыг хүлээн авч, Улаанбаатар хотод ирсэнд тань баярлалаа. Сэлэнгэ аймгынхан нь таныг Нина багш гэж дууддаг юм билээ. Та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач.
-Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдүгээр цэцэрлэгт 37 жил ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад багш байна.
-Таны нэхсэн хүүхэлдэй олон хүнд хүрч, ам сайтай байна. Яагаад хүүхэлдэй нэхэх болов?
-Хөл хорионы үеэр гэртээ байхдаа уйдаад, хийх юмаа олж ядахдаа хүүхэлдэй нэхье гэж шийдсэн. Тэгээд бэлгэдлийн журмаар 108 хүүхэлдэй нэхье гэж бодсон. Анх “Би”, “Халуун ам бүл”, “Алунгуа эхийн таван хүү” зэрэг хүүхэлдэй нэхсэн. Аав ээж, үр хүүхэд гээд халуун ам бүл гэсэн сэдвээр зураад хос хүүхэлдэйнүүд нэхсэн. Манай хүү Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Монгол зургийн ангийг төгссөн. Тэгээд хүү маань, “Энэ хүүхэлдэйнүүд их хөөрхөн болж байна. Та зүгээр нэхэж байхаар зорилготой, урлагийн бүтээл болгоод хийвэл дээр. Одоо та дэлхийд танигдсан, олны танил хүмүүсийн дүрээр нэхвэл зүгээр шүү дээ” гэсэн. Тэгээд би анх Гитлер, Чаплин хоёрын дүрийг нэхэж байсан. Чаплинг бол хүүхэд хөгшидгүй бараг бүгдээрээ мэддэг, өөрөө ч би ажлынхаа нэг багт наадмаар Чаплины дүрд тоглож байсан. Маш ойр санагдсан болохоор долоо хоногийн дотор л Чаплины дүр нь гарсан. Харин Гитлер бол содон төрхтэй. Сахал үс хоёроор нь илэрхийлэхэд амар болох юм шиг санагдаад Гитлерийг нэхсэн. Гэхдээ үүнийг хийхэд сар гарам болсон. Цэргийн хувцсыг илэрхийлж гаргахаас эхлээд нэлээн ур шаарддаг юм байна лээ.
-Энд Б.Ринчен гуайн нэхмэлээс эхлээд Абрахам Линколн хүртэл тив дэлхийд нэрээ дуурсгасан олон алдартнууд байна. Яагаад дэлхийн алдартай хүмүүсийг хийж эхэлсэн бэ?
-Ер нь жирийн хүүхэлдэй нэхэж байснаас олны танил, содон төрхтэй хүмүүсийн дүрээр хийвэл үзэсгэлэн гаргаж болох юм байна гэдэг санаа төрсөн. Хүү маань ч дэмжээд, ийм ийм хүмүүсийг нэхвэл зүгээр гээд санаа оноогоо хэлсэн. Мөн өөрийнхөө чадах хэмжээнд л дүрээ сонгохгүй бол заавал хүний хэлснээр тэр хүний дүрийг нэхэж бас сайн гарахгүй шүү дээ. Тэгээд аажим аажмаар нэхсээр байгаад үүнийг хийдэг болсон.
-Жишээлбэл Альберт Эйнштейнийг хүн бүхэн мэднэ. Тэр тусмаа олон хүний таньж мэдэх төрхийг нэхмэлийн утсаар нэхэхэд амаргүй биш үү.
-Содон төрхтэй хүний дүрийг гаргахад гайгүй. Харин нийтлэг төрхтэй хүний дүрийг гаргахад хэцүү байдаг. Би Д.Нацагдоржийн дүрийг нэхэж байсан. Бас нийтлэг төрхтэй хүн юм байна лээ. Яг тийм содон төрхтэй биш. Малгай, гаанс хоёроор нь л илэрхийлж байсан. Зүгээр тавьчих юм бол хэн ч Д.Нацагдорж гэж хэлэхгүй юм байна лээ. Би Д.Нацагдоржийн бүтээлдээ хайртай. Ямар их хэлмэгдэж, ямар их зовж, энэ сайхан залуу сэхээтэн маань амь үрэгдсэн бэ гэж бодохоос тэр намтар түүхийг нь уншаад харамсаж байсан. Яагаад гэвэл тэр хүнийхээ намтар түүхийг судална. Амьдарч байсан цаг үеийг нь судална. Тэр үед өмсөж байсан хувцсыг нь судална. Нүднийх нь өнгө, үснийх нь өнгө хүртэл ямар вэ гэдгийг судалж байж нэхдэг.
-Харандаа будгаар дуурайлгаж зурах, утас зүүгээр нэхэх хоёр эрс ондоо. Ялангуяа хүний царай төрхийг нэхмэлийн утсаар нэхэхэд алдаа мадаг гарах, хэцүү үе байв уу?
-Хүндрэл бэрхшээл зөндөө гарна шүү дээ. Нэг бүтээл дээр их удна. Хүний хөл, гар, нүд гээд хос эрхтэн болон гарын хуруу гээд л нэхэхэд, нэг гогцоо нэмчихвэл урт хуруутай болох ч юм уу, нүднийх нь зураас нэгээр илүү болчихвол бас нүднийх нь хэв буруу гарах ч юм уу нэлээн юм болно. Хөвөх юм их гарна шүү дээ. Тоо хамгийн гол, тооны ухаан шаардана гэсэн үг \инээв\.
-Нүүрний хэлбэрийг гаргахдаа ямар утас зүү ашигладаг вэ?
-Миний нэхмэлүүд ихэвчлэн дэгээ зүүнийх. Дэгээ зүү болохоор яг нарийн тоолоод нэхэхэд боломжтой. Хос зүүгээр зарим нэг хувцас хунарыг гаргадаг. Нүд хөмсөг зэргийг дараа нь оёж хатгах зэргээр бүгдийг нь хослуулж хийдэг.
-Абрахам Линколны хүүхэлдэйндээ хайртай гэж байсан. Энэ дүр дээр яаж ажилласан бэ?
-Абрахам Линкольн ерөнхийлөгчийн дүрийг нэхэхийн тулд их судалгаа хийсэн. Түлээчин байсан хүн Америкийн ерөнхийлөгч болсон байгаа юм. Тийм учраас би гарт нь сүх бариулж хийсэн. Түүний хэлсэн “Намайг найман цаг түлээ хагал гэвэл долоон цагт би сүхээ ирлэнэ” гэж трэнд үг байдаг. Тиймээс ингэж хийсэн. Ер нь би бүх дүрүүддээ хайртай. Учир нь бүх дүрүүд нэлээн хүч хөдөлмөр шаардаж байж гардаг учраас тэр муухай, энэ ийм гэж хэлж чаддаггүй.
-Та өмнө нь дүрийн судалгаа хийдэг гэсэн шүү дээ. Дүр дээр хэрхэн ажилладаг талаараа хуваалцаач.
-Дүрийн судалгаа хийхдээ фото зургаас харна, тэгээд кино жүжигчин бол киног нь үздэг ч юм уу тэгж хийдэг. Жишээ нь, Монголын уран сайхны “Зэрэг нэмэхийн өмнө” киног бид үзэж л байдаг, их анзаардаггүй юм байна лээ. Долдой, Боролдой, ноён гээд байдаг. Ноёныг Дүвчинмижидбалбигомбо зайран гэдэг юм байна. Тэгээд хоёр гурав үзэж байж нэрийг нь тогтоосон. Тэр хүний өндөр нам, тарган туранхай, арьсны өнгө, өмссөн хувцас гээд нэлээн судалж байж нэхнэ шүү дээ. Киногоо бас дахин дахин үзнэ, зураг байвал дахин дахин харна. Тэгж байж дүр гаргана даа.
-Саяхан таныг "Зүүн арт 2022" олон улсын дүрслэх урлагийн наадамд хүүхэлдэйгээрээ үзэсгэлэнгээ дэлгэсэн гэж сонссон. Анхны үзэсгэлэнгээ дэлгэсэн сэтгэгдлээсээ хуваалцаач.
-Манай хөдөө орон нутагт орчин үеийн дүрс урлагийн наадам анх зохиогдоод энэ наадмыг үзээд хүү маань харьж явахдаа, орон нутагт соёлын үрийг тарьж болох юм байна гэж байсан. Ер нь хөдөө орон нутагт урлагийн талын мэдлэг түгээе гэдэг утгаар тийм санаа анх төрсөн юм билээ. Тэгээд энэ санаагаа “Хөх зэв”, “Хөх нар”, “Дөрвөлжин дугуй” гээд нэгдлийнхэндээ, дүрс урлагийн чиглэлийн залуустаа хэлээд Зүүнхараад өнгөрсөн зун дүрслэх урлагийн олон улсын наадам зохион байгуулсан. Тэр хүмүүс манайд хоёр удаа ирсэн. Тэгсэн “Хөх нар” төвийн захирал Батсайхан миний хүүхэлдэйг үзээд “Ээж чинь жинхэнэ гоё хүүхэлдэй нэхдэг юм байна. Энэ чинь харин үзэсгэлэнд орж болох хэмжээний бүтээл болчихсон байна шүү дээ. Та манай “Зүүн-Арт” үзэсгэлэнд ор” гэснээр үзэсгэлэнд хүүхэлдэйгээ гаргаж байсан.
Төрж өссөн Зүүнхараа нутгаа дүрслэх урлагийн хот болгох том зорилт тавин “Хөх нар” контемпорари урлагийн төвтөй хамтран нийт 40 гаруй уран бүтээлчид нэгдэн “Зүүн Арт 2022” үзэсгэлэнг зохион байгуулсан.
Саяхан “Хөх нар”, “Хөх зэв”, Дөрвөлжин дугуй” нэгдлүүдийн 20 жилийн ойн тайлан болоод Улаанбаатар театрт үзэсгэлэн, кино, видео арт зэрэг бүтээлээ дэлгэсэн. Тэнд би бас хүүхэлдэйгээрээ оролцтол хүмүүс ёстой сайхан үзэж урам хайрласан. Гадаад дотоодын олон хүн, мэргэжлийн уран бүтээлчид үзсэн. Би хавар хүүхэлдэйгээрээ үзэсгэлэн гаргая гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Таны дараагийн бүтээл хэний дүр байх вэ. Нууц биш бол хуваалцаач.
-Одоо би Мао Зидуны дүрийг нэхэж байна. Тэгээд утга учиртай болгохын тулд болжмор нэхье гэж бодож байна. Болжмортой дайтсан хүн шүү дээ\инээв\. -Биднийг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Таны үзэсгэлэнд амжилт хүсье.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)