ОБЕГ-аас ой, хээрийн түймэр нэмэгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Салхи, шуурга, хуурайшилт ихтэй байгаа энэ үед ил гал түлж, санамсаргүйгээр гал алдах нь ой, хээрийн түймэр дэгдэж, хохирол учруулах эрсдэл болж байна. Иймд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулъя.
Улсын хэмжээнд он гарснаас хойш дэгдсэн түймэрт урьдчилсан байдлаар 187 мянга га талбай өртсөн. Хэд, хэдэн айлын хашаа, саравч, автомашин зэрэг эд хөрөнгөд хохирол учирсан.
Дорнод аймгийн Халхгол суманд дэгдсэн түймрийг унтраахаар аймаг, сумын онцгой комисс, иргэдийн оролцоотой унтраахаар ажиллаж байгаа. Салхи ихтэй байгаа учраас богино хугацаанд өргөн талбайг хамарчээ. Иймд Онцгой байдлын газраас өдөр тутамд анхаарал хандуулан ажиллаж байна. Түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчдын хоол хүнс, хувцас зэрэг хангамжид Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн анхаарал хандуулан ажиллаж байгаа. Түймрийн голомтод утаашилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна гэсэн мэдээ ирсэн" гэв.