
Шүүхийн шүүгч, ажилтнуудын хөдөлгөөний идэвхийг сайжруулах, биеийн тамир спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, бие бялдар оюун санааг хөгжүүлэх, эрүүл мэнд, ажлын эрч хүч, багаар ажиллах, хамт олонч сэтгэхүйг хөгжүүлэх, нөхөрсөг байдлыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг тэмцээнд нийт 17 баг оролцож байгаа ажээ. Улсын Дээд шүүх, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн шүүх, дүүргүүдийн шүүхээс гадна орон нутгийн шүүхүүд буюу Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Орхон, Хэнтий аймгаас шүүхийн баг тамирчид ирж оролцож байгаа нь энэ удаагийн тэмцээний нэг гол онцлог болж байгаа юм.
Сагсан болон гар бөмбөг, ширээний теннис, боулинг, хийн буудлага, билльярд, дартс, шатар, даам, олс таталт зэрэг нийт 10 төрлөөр болж байгаа эл тэмцээний зарим төрөлд зөвхөн шүүгч нар оролцохоор заасан бөгөөд энэ нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байгаа ажээ.
Тэмцээний эхний өдөр буюу 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр спортын гурван төрөл буюу боулинг, хийн буудлага, билльярдын төрлүүдээр тамирчид өрсөлдсөн байна. Боулингийн тэмцээнд багийн дүнгээр Улсын Дээд шүүхийн баг тэргүүлж, Нийслэлийн шүүхийн баг хоёрдугаар байрт, Орхон аймгийн шүүхийн баг 3 дугаар байрт тус тус оржээ. Харин хийн буудлагын тэмцээнд зөвхөн Ерөнхий шүүгч нар өрсөлдсөн бөгөөд Төв аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав тэргүүлж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг хоёрдугаар байрт, Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Батцэрэн гуравдугаар байрт шалгарсан байна.
Билльярдын тэмцээнд эрэгтэйчүүдээс Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч Б.Батболор тэргүүлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Батсуурь хоёрдугаар байр, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Баатархүү гуравдугаар байрыг эзэлсэн байна. Харин эмэгтэйчүүдээс билльярдын тэмцээнд Төв аймгийн шүүхийн шүүгч Ө.Уянга тэргүүлж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч С.Базарханд хоёрдугаар байрт, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа гуравдугаар байрт шалгарчээ.
Б.Чимэг