
Л.Гантөмөр сайд манай сургуульд оюутан байхдаа энэ улс орны хөгжил, өнөөдрийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа бодож, харж явсан байх. Энэ бол бидний дээд сургуулийн бодлогын гол зорилго. Өөрөөр хэлбэл, ирээдүйг харж чаддаг хүнийг л бэлдэх явдал. Хоёр сайд техник, технологийн их сургуулийн хамтын ажиллагаандаа том мөрөөдөл тавьж ажиллах байх. Том мөрөөдөл гэдэг бол хүнийг чиглүүлж өгдөг чухал хүч юм” гээд шавьдаа баяр хүргэсэн байна.
Л.Гантөмөр сайд ч энэ үеэр Японд өнгөрүүлсэн оюутан насаа дурсав.
Тэрбээр “Сургуулийнхаа захирлыг үг хэлж байхад хүүхэд нас маань тод томруунаар миний нүдний өмнүүр гүйж өнгөрлөө. Үнэхээр гайхамшигтай сургууль шүү. Гайхамшигтай инженерүүдийг бэлддэг сайхан сургууль төгссөндөө би үнэхээр бахархаж явдаг. Инженерийн коллежид таван жил сурсны дараа Нагаокагийн их сургуулийн гуравдугаар курст элсэн суралцах эрхтэй болдог. Тус сургуулийн нийт оюутнуудынх нь 80 орчим хувь нь энэ шат дамжлагаар дамжсан байдаг. Ингэж долоон жил сурч байж сайн инженер болж төгсдөг. Тэр инженерүүд өнөөдөр зөвхөн японы хөгжилд төдийгүй дэлхийн хүн төрөлхтний сайн сайхан амьдралд хувь нэмэр оруулж байгаагаараа гайхамшигтай юм.
Би сургуулийнхаа хамт олноор сургуулийнхаа нийт төгсөгчид, багш нараараа бахархаж байна. Та бүхэнд үнэхээр их баярлаж байна. Элчин сайдын зөвлөх Хаяаши гуайг хараад 1992 он санаанд орсон. МУИС-ийн нэг зааланд бид Япон явах шалгалт өгч байлаа. Би тэр бүртгэлээс хоцорчихсон учраас тэр үеийн БШУЯ “Гантөмөр гэдэг хүүхдийг оруулахгүй” гэсэн ч Хаяаши гуай “Гантөмөрийн шалгалтыг өгүүлчих” гээд өгүүлж байсан. Тэр шалгалтад тэнцсэн нь миний амьдралд маш том эргэлт болсон. Энэ цолыг гардаж авахдаа би “Хаяаши гуайн ачийг хариулж байна” гэж бахархалтайгаар хэлэх байна.
Үнэхээр би Нагаокагийн их сургуульд орсноороо өөрийн мөрөөдлийг биелүүлэхэд нэг алхам ойртсон. Тэнд сурч байхдаа Би улс төрч болно гэж ярьдаг байснаа санаж байна. Надад доктор болтлоо сурах эсвэл монголд очиж улс төрч болох гэдэг хоёр сонголт байсан. Энэ хоёр сонголтоос би улс төрч болох сонголтыг хийж монголдоо очсон.
Нагаокагийн их сургуулийн олон том докторууд, олон сайн инженерүүдийн хүндэтгэлийн хүлээж хүндэт доктор цолыг гардан авч байгаадаа баярлаж байна. Хэдийгээр би улс төрч болох сонголтыг хийсэн ч миний нөгөө нэг хүсэл биелж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна. Японы алдартай сайн инженерүүд, алдартай сайн технологичид, мундаг сайн професор докторуудынхаа итгэлийг алдахгүй ажиллана гэдгээ илэрхийлье. Японы засгийн газрын тэтгэлэгээр цөөхөн инженерүүд бэлтгэгдсний нэг нь би. Харамсалтай нь энэ ард түмний бэлдэж өгсөн тэр замаар явж чадаагүйдээ хүлцэл өчиж байна. Цаашдаа өөрөөсөө хэд дахин илүү чадалтай олон инженер бэлтгэж өгнө гэдгээ амлаж байна.
Өнөөдрийн энэ Нагаокагийн их сургуулийн гаргасан шийдвэр японд суралцаж байгаа хэдэн зуун оюутны ирээдүйд итгэх итгэл, ирээдүйн мөрөөдөлд нь хөшүүрэг болж чадлаа” гэв.