БШУЯ-наас нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл, цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 15 дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн жилээс эхлэн цахимаар бүртгэж эхэлсэн. Энэ жил хоёр дахь жилдээ цахим бүртгэлээ үргэлжлүүлж байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 302,226 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой албан ёсны хүн амын тоо байна. Үүний 142,798 нь Улаанбаатар хотын цэцэрлэгүүдэд хамрагдах ёстой гэсэн албан ёсны статистик мэдээлэл бий.
Өнгөрсөн жил төрийн өмчийн цэцэрлэгүүдийн салбар бүлэг байдлаар 127 түрээсийн байрыг сургалтын зориулалтаар засаж тохижуулж 13800 гаруй хүүхдийг хамруулсан. Мөн 270 гаруй цэцэрлэг дээр хамран сургах тойргийг нэмэлтээр тогтоож 15 мянга орчим хүүхдийг хамруулсан.
Хүсэлт гаргасан хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах бүрэн боломж бий. Харин зарим хороод хүндэрч байгаа, зарим хороодод хүүхэд бүртгүүлээгүй байгаа. Иймд цэцэрлэгийн хүүхдүүдийн явцын бүртгэлийг харж байгаад зарим тохиргоог хийхээр ажиллаж байна.
Энэ жил цахим бүртгэлийг хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Энэ жил хаягийн бүртгэл харьцангуй цэгцэрсэн байна. Гэхдээ асуудал гарсаар байна. Түр оршин суугчдын хүүхдүүдийг хоёр дахь шатны бүртгэлээр бүртгэнэ" гэв.
Д.Батчулуун