Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны наймдугаар сарын 4-ний өдрийн А/282 дугаар тушаалаар "Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам’’-ыг шинэчилж, хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр журамласан.
Өмнөх журмаар есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүхийг зөвшөөрдөг байв. Иргэд та бүхнийг мэргэжлийн байгууллага самарыг болц гүйцэх буюу хуулиар зөвшөөрсөн хугацаанд түүж бэлтгэхийг уриалж байна. Ингэснээр та байгаль экологи, ан амьтанд учирч болох олон эрсдэлээс сэргийлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Самрыг шинжилгээ, судалгааны зориулалтаар 10 кг хүртэл, ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээгээр түүхийг зөвшөөрдөг.
Харин үйлдвэрлэлийн зориулалтаар тухайн сумын Засаг дарга Ойн ангитай зөвшилцөж, зөвхөн ойн нөхөрлөл, ААН, байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр хуш модны самрыг бэлтгэж, ашиглуулна. Тухайн газраас үйлдвэрлэлийн зориулалтаар самрын нөөцийн 40 хүртэл хувийг бэлтгэх боломжтой юм. Ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, ААН, байгууллагад 21 хүртэл хоногийн хугацаатай олгодог байна. 1 кг цайруулсан самар тутамд иргэн 500 төгрөг, ААН 800 төгрөгийн хураамж төлнө
Иргэд, ойн нөхөрлөл, ААН, байгууллагууд ойгоос хуш модны самрыг зохих эрхийн бичгийн хүрээнд бэлтгэж, ашиглах бөгөөд Байгалийн нөөц ашигласны төлбөрийг холбогдох хууль дүрмийн дагуу төлөх ёстой. Жишээлбэл, ахуйн зориулалтаар 25 кг самар түүх бол 12500 төгрөгийг орон нутгийнхаа ойн хамгаалалтын газарт тушаагаад, зөвшөөрсөн хугацаанд ямар нэгэн дарамт шахалтгүйгээр самраа түүж, борлуулах боломжтой. Харин хууль бусаар самар түүж бэлтгэвэл эрүүгийн хариуцлага ногдуулдаг байна.
Харин зөвшөөрөлгүйгээр самар түүсэн бол 5.4 сая төгрөгөөс дээш мөнгөөр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ.