
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хэлснээр Монголд байхгүй эмгэг туссан гэдэг. Мөн гэр бүлийнхэн болон намынхан нь түүнийг хорлогдсон хэмээн үздэг. Учир нь түүний үснээс шинжилгээ авахад хорлогдсон гэж гарсан хэмээн МАХН-аас мэдээлсэн. Чухам юунаас хорлогдсоныг АНУ-аас ирэх шинжилгээний хариунаас тодорхой болно гэсэн юм.
Ийнхүү ямар өвчин туссан нь, биеийн байдал нь ч хэр зэрэг байгаа нь тодорхойгүй байж гурван сарын турш эмнэлэгт хэвтэж байгаа түүнийг эрүүл мэндийн байдлаа ашиглаж, дөрвөн жилийн ялаа эмнэлэгт өнгөрүүлэх нь үү, эсвэл эрүүл мэндийн байдлаас шалтгаалан суллагдах нь уу гэсэн хардлага нийгмийн дунд төрөөд байна.
Уг нь ялын тогтоол гардуулсанаас хойш тус ялтанг хорих ангид хуваарилдаг. Тэгэхээр Н.Энхбаярын хувьд хоёр шатны шүүхээс гэм буруутайг нь нотолж, өнгөрсөн аравдугаар сарын 12-нд ялын тогтоолыг нь гардуулсан. Гэвч тэрээр биеийн байдал муу хэмээн эмнэлэгт хэвтсээр байна. Энэ нь иргэдийн дунд эрүүл мэндийн байдлаа ашиглан, ялаас чөлөөлөгдөх нь гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Харин энэ бүхнийг Н.Энхбаяр үгүйсгэлээ.
Тэрээр “Би эрүүл мэндийн шалтгаанаар яасан ч суллагдахгүй. Миний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан цагт л суллагдана” гэдгээ намынхандаа хэлжээ. Түүний хэлсэн энэ шийдвэрийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ дамжуулсан юм. Юутай ч Н.Энхбаяр эрүүл мэндийн байдлаа ашиглан, ялаас чөлөөлөгдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Харин цагаатгасан цагт л суллагдана гэнэ.
Н.Энхбаярын цагаадах уу, ялаа үргэлжлүүлэн эдлэх үү гэдгийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцэнэ. Н.Энхбаярын гаргасан гомдол өнгөрсөн долоо хоногт дээд шүүхэд очсон тул хэргийг 30 хоногийн дотор хянана. Тэгэхээр хурал ирэх арванхоёрдугаар сарын эхээр товлогдохоор болж байгаа юм.
"Миний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаадсан цагт л суллагдана" хэмээн хэлсэн түүний үгнээс дээд шүүхэд ихээхэн найдаж, итгэж байгаа нь илт. Учир нь өөрт нь ял оноосон тэр цагаас хойш "Би хэлмэгдсэн. Надад хилсээр ял оноосон" гэсээр ирсэн билээ. Хэрвээ дээд шүүхээс түүний хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгавал суллагдана. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр баталвал түүнд хуулийн дагуу нийт шүүгчдийн хуралдаан болон Ерөнхийлөгчөөс уучлал гуйх арга зам л үлдэх юм.
Юутай ч өөрт нь хилсээр ял тулгасан хэмээн үздэг Н.Энхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар суллагдахгүй нь. Тэгэхээр асуудал цааш хэрхэн өрнөх нь Улсын дээд шүүхийн шийдвэрээс шууд хамааралтай боллоо.
Б.Чимэг
Сэтгэгдэл (46)