Дуу, дүрсний хамгийн орчин үеийн 3D технологийг бүрэн нэвтрүүлсэн
“Шарга” кинотеатрыг Баруун-Урт хотын төвд энэ намар ашиглалтад оруулжээ.

Дуу, дүрсний хамгийн орчин үеийн 3D технологийг бүрэн нэвтрүүлсэн “Шарга” кинотеатрыг Баруун-Урт хотын төвд энэ намар ашиглалтад оруулжээ. Ерөнхий сайдыг орон нутагт нь ажиллах үеийг тохиолдуулан байнгын үйл ажиллагааны нээлтээ хийсэн юм. Улсын болон орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг аваагүй, тодруулж хэлбэл хүний гавьяат эмч Б.Мөнхчулуун сангийн хөрөнгөөр босгосон энэ театр дэлхийн бусад оронд ашиглаж буй хамгийн орчин үеийн техник технологиудыг иж бүрнээр суурилуулжээ. Орчин үеийн хөгжлийг орон нутгаасаа харж байгаа нь манай орны хувьд том ололт гэж Засгийн газрын тэргүүн үүнийг сайшааж байв. Тус кино театрт төвлөн залуусын чөлөөт цагийн томоохон цогцолбор барьж улам өргөжүүлэхээр ажиллаж байгаагаа аймгийн удирдлага хэлж байна. Тухайлбал, энд балетын болон төгөлдөр хуурын сургууль, залуу зохион бүтээгчдийн дугуйлан, түргэн хоолны газар зэрэг сургалт үйлчилгээний цогцолбор нэмж барих аж. Мөн шилэн кабелиар өндөр хурдны интернэтийг иргэд, тэр дундаа залуу үеийнхэнд үнэгүй хэрэглэх боломж бүрдүүлээд байгаа юм байна. Үдээс өмнө ийнхүү бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцсан Засгийн газрын тэргүүн “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээ Баруун-Урт хотод өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр Сүхбаатар аймгийн хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын туршлагын талаар дэлгэрэнгүй танилцуулга сонсож, ард иргэдийн сонирхсон асуултад хариулт өгнө. Хэлэлцүүлгийг МҮОНТВ-ээр шууд дамжуулан үзүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.