
Үүний дараа Засгийн газрын тэргүүн Сүхбаатар аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын хамт олон болон 20 гаруй агентлаг, төсөвт байгууллагын удирдлагуудтай уулзаж, тус аймагт хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудын явц, орон нутагт тулгамдсан асуудал, түүнийг шийдэх талаарх саналыг нь сонслоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг улсын хэмжээнд Сүхбаатар аймаг жишиг бүтээн байгуулалтын анхдагч болж буйг бахдан тэмдэглэв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баруун-Уртчууд бүтээн байгуулалтын томоохон шинэлэг ажлууд эхлүүлж, үлгэр жишээ болохуйц туршлага хуримтлуулаад байгаа юм. Баруун-Урт хот аймгийн төвөө хот болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Дархан, Эрдэнэтийг оролцуулаад улсын хэмжээнд стандарт хангаж буй гурван хот л бий. Иймд Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт бүх аймгийн төвийг хот болгон хөгжүүлэх зорилт тавьж, энэ зорилтынхоо хүрээнд 10 аймгийн төвийн инженерийн дэд бүтцийг шинээр болон шинэчлэхээр төлөвлөж, санхүүжилт болох 20 тэрбум төгрөгийг 2013 оны улсын төсвийн төсөлд тусган УИХ-д өргөн барьсан. Ирэх дөрвөн жилд эрчимтэй өрнөх бүтээн байгуулалтын энэ ажил Баруун-Уртад аль хэдийнэ биеллээ олж, бусдад жишээ туршлага болохуйц түвшинд хүрснийг Засгийн газрын тэргүүн онцоллоо.
“Би бусад аймагт очихдоо их ярьдаг бол Сүхбаатарт их сонсож, их хардаг. Энд би дөрвөн удаа ирж, аймгийн төвийг хот болгон хөгжүүлэх ажилтай биечлэн танилцсан ч өнөөдөр дахиад л шинийг харлаа. Баруун-Урт хотод автомашины зогсоол ямар цэгц журамтай зохион байгуулагдсаныг сая ажиглалаа” гэж орон нутгийн удирдлагуудыг сайшаалаа. Засгийн газрын тавьсан өөр нэг зорилт бол 1000 айлын орон сууц төслийг бүх аймгийн төвд хэрэгжүүлэх ажил юм. Энэ хүрээнд 2012 онд 10 аймгийн төвд орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 5 аймгийн төвд орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төслийг шинээр боловсруулж эхлээд байгаа. Үүнд Сүхбаатар аймгийн төвд шинэ орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил багтсан. Орон сууцны энэ хороолол нь сургууль цэцэрлэг, үйлчилгээний бүх төрлийн төв, бичил цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн спорт, тоглоомын талбай зэрэг хүний тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн цогцолбор байх юм. 2012 ондоо багтаан ерөнхий төлөвлөгөөг гаргаж, ирэх оноос бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Инженерийн шугам сүлжээг улсын хөрөнгөөр байгуулж өгөөд, иргэдэд хүргэх менежментийг орон нутаг өөрөө хариуцна. Орон сууцны үнийн өсөлтөд гол нөлөө үзүүлдэг дэд бүтэц, газрын асуудлыг ийнхүү төр хариуцсанаар иргэдэд хямд үнээр орон сууцтай болгох жишиг ажил болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.