Үндэсний бөхийн барилдаан өөрөө шударга өрсөлдөөн байх ёстой. ШӨХТГ-ын
шинэ дарга О.Магнай ч энэ асуудалд анхаарлаа хандуулахад илүүдэхгүй юм.

Монгол бөхчүүд наадмын дэвжээнд найраа, наймаа хийдэг гэх яриа хаа сайгүй яригдаж л байдаг. Нутаг ус, нэг ангийнхан, найз нөхдийн найрааны талаар ам дамжуудан ярьж л байдаг. Баримт нотолгоогүй тул тэгэсгээд л өнгөрдөг байсан. Гэтэл энэ жил улсын наадамд шөвгөрсөн арслан Х.Мөнхбаатар ийм найраа, наймаа бодит гэдгийг өөрийн үгээр баталлаа. Түүнийг наадмын үеэр сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэдгийг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос өчигдөр мэдэгдэв. Гэтэл үүнийг үл хүлээн зөвшөөрсөн Х.Мөнхбаатар арслан тус холбооны тэргүүн Р.Нямдорж хүүгээ заан болгохын тулд түүнд 70 сая төгрөг амлаж байсан гэлээ. Тэрбээр “Р.Нямдорж гэдэг энэ хүн олон жил намайг нүд үзүүрлэж байсан. 2007 оны наадмаар хүү Н.Ганбаатарыгаа дэмжээд заан болгочих, 70 сая төгрөг өгье гэж байсан. Гэхдээ би татгалзсан. Намайг “Чи яасан овоо хүүхэд вэ, Чи намайг хараарай” гэж байсан” гэв. Х.Мөнхбаатар арсланг энэ явдлаас хойш олон удаа шахаж хавчиж байсан аж. 2009 онд түүнийг Г.Өсөхбаяр аваргатай барилдсан нь дүрмийн бус болсон, мөн 2011 онд долоогийн даваанд гарьд Ж.Бат-Эрдэнэтэй барилдсны дараа хөлийн цэц буруу дүгнэсэн гэж Х.Мөнхбаатар арслан өргөдөл өгч байжээ. Үүнийг нь ч Р.Нямдорж тэргүүн хүлээж аваагүй байна. Үүнд олон жил гомдолтой явсан арслан ийнхүү “сэргээштийн хэрэг”-ээр хамаг сэтгэлийн зовлонгоо ярьж орхив. Харин энэ яриаг нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдрорж үгүйсгэж, шүүхэд өгнө гэсэн юм.
Хэнийх нь ч зөв, буруу бай ёс жудаг дээдэлдэг монгол бөхчүүдийн дунд цолны наймаа, найраа бодитоор байсаар, үргэлжилсээр байгааг харуулав. Энэ бол зөвхөн Р.Нямдорж, Х.Мөнхбаатар нарын хоорондын асуудал биш юм. МҮБХ гэх энэ байгууллага ер нь юу хийдэг газар вэ? Тэргүүн нь хүртэл цолны найраа гэх нэг авлигын хэрэгт нэр холбогдох болсон нь ямар учиртай вэ гэдэгт бөх сонирхогчид хариу нэхэж эхэллээ.
Сэргээшийн хувьд Х.Мөнхбаатар арслан гэмтэлээ эдгээх гэж чилийсэн палийсан гэх хятад эм ууснаас сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэсэн онош гарсан байх хэмээн тайлбарлаж байна. Үүнийгээ шалгуулахаар шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь 14 хоногийн дараа гарах аж. Гэтэл Р.Нямдорж тэргүүн үүнийг нь хүлээлгүй Х.Мөнхбаатарыг сэргээш хэрэглэсэн гэж албан ёсоор зарласан нь ийнхүү маргааны эхлэл болжээ.
Үндэсний бөхийн барилдаан өөрөө шударга өрсөлдөөн байх ёстой. ШӨХТГ-ын шинэ дарга О.Магнай ч энэ асуудалд анхаарлаа хандуулахад илүүдэхгүй юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (32)