
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хамгийн түрүүнд "Энэ бол мужааны ажил биш. Ийм нарийн чимхлүүр ажил гэж Ц.Шаравдоржийг томилсон. Өнгөрсөн дөрвөн жил түүнийг онцын алдаа завхрал гаргаагүй гэж боддог Гэхдээ яагаад ажлаа өгөх болсныг мэдмээр байна УИХ-ын даргын нөлөөлөл байв уу?" гэж асуув. Харин УИХ-ын дарга З.Энхболд "Би Ц.Шаравдорж даргыг өргөдлөө өг гэж хэлээгүй. Бүгд л сайн дураараа өргөдлөө өгч байна. Та нар саад хийгээд чуулганы хуралдаан хэвийн явахгүй байсан" гэлээ. Мөн Ц.Шаравдорж "Би УИХ-ын үйл ажиллагааг хангахын тулд алдаагүй, боломжийг нь бүрэн хангаж ажилласан. Би өргөдлөө өгөхдөө нэлээн олон зүйлийг бодож байж гаргасан. Ямар нэг улс төрийн нөлөөлөл, үүний дотор З.Энхболдоос шахсан, нөлөөлсөн зүйл байхгүй. Цаашид ямар ажил хийхээ нь дараагийн алхам" гэж хариуллаа.
Г.Уянга, Л.Цог зэрэг гишүүд Ц.Шаравдоржийг ажлаас чөлөөлж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. УИХ-ын гишүүн Л.Цог "Ц.Шаравдорж даргын туршлага, мэдлэгийг ашиглах ёстой. Нэг төр солигдохоор орвонгоороо өөрчлөгддөг. Туршлагагүй, шат дамжлагаар яваагүй хүмүүс гарч ирж байна. Туршлагатай хүнээ зүгээр цаашаа гээд явуулчихаж болохгүй, өөр ажилд ашиглаасай. Ц.Шаравдорж бол олон үзэл бодолд хавчигдаад байна. Нам нь солигдоод янз бүрийн хавчлага байсан" гэв.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Хүнээр өргөдлийг нь гаргуулж авдаг мода дэлгэрээд байна. Ц.Шаравдорж гэхэд өргөдөлд нь ямар шалтгаан, үндэслэлээр ажлаа өгч байгаа нь учир битүүлэг байсан. Энэ бол муу зүйл. Өөрийнх нь хүсэлтээр гээд төрийн албан хаагчид учир начир нь олдохгүй шалтгаанаар ажлаасаа гарч байгаа нь нийгэмд сайнаар харагдахгүй байна. Мэргэшсэн хүмүүсээ ингээд явуулаад байх уу?" гэж шүүмжлэв.
Ийнхүү Ц.Шаравдоржийг УИХ-ын Тамгын газрын даргын ажлаас албан ёсоор чөлөөллөө.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)