
Тэд тус сонгуулийн хороог МАН-аас бусад намын болон бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсийг бүртгэхгүй хууль зөрчиж байгаа, бүртгэхгүй байгаа шалтгаан нь ямар ч үндэслэлгүй бөгөөд МАН-ыг Хөвсгөл аймагт ялуулахын тулд элдэв арга сээм хэрэглэж байна хэмээн үзэж байгаа юм.
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын төв талбайд өнөөдөр эхэлсэн өлсгөлөнгийн талаар тус аймгийн МАХН-ын Мянгатын дарга Ч.Пүрэв-Осор “Зарим аймаг, дүүрэгт МАН-ын даалгавараар ажиллаж байгаа сонгуулийн хороо байна. Тэд МАН-аас бусад намын гишүүд болон бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсийг бүртгэхгүй хууль зөрчиж байгаа нь МАН-ыг ялуулахын тулд юу ч хийхэд бэлэн байгаагаа харуулж байгаа хэрэг. Бид энэ хууль бус ажиллагааны эсрэг, шударга ёсны төлөө тэмцэнэ. Сонгуулийн хороо хууль, дүрмийн дагуу ажиллах хүртэл өлсгөлөн зарлана. Аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав суулт, өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг хүчээр тараах даалгавар өгсөн байна лээ. Гэхдээ бид хууль дүрмийн дагуу эсэргүүцлээ илэрхийлж байгаа учир хүчээр тарааж эрхгүй” хэмээн ярилаа.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)