
Aгаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо XV хурал
Үндэсний хороо нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт болон богино хугацааны хөтөлбөр боловсруулан олон төрлийн ажлууд хэрэгжүүлж байна. Богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн нэг болох гэр хорооллын өрхийг сайжруулсан зуух болон боловсруулсан түлшээр хангах ажилтай холбогдуулан дараах цаг үеийн асуудлуудаар Үндэсний хороо хуралдаж шийдвэрүүд гаргав.
1 дүгээр асуудал
Засгийн газраас гэр хорооллын өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлж байгаатай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос “Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс” буюу Баянгол дүүргийн айл өрхүүдэд татаастай үнээр худалдан борлуулах боловсруулсан түлшний үнийг хямдруулах шийдвэр гаргалаа.
Энэ шийдвэрийг гаргаснаар бүсийн айл өрхүүдэд нийлүүлэх түлшний үнийг 31-43 хувиар бууруулж хямдарсан нүүрсний үнэтэй ижил төвшинд хүрэх юм. Мөн боловсруулсан түлш нь түүхий нүүрстэй харьцуулахад илчлэг өндөр байдгаас түлшний хэрэглээ бага байдаг онцлог давуу талтай. Түлшний үнэ хямдруулснаар үүсэх бас нэгэн давуу тал нь бүсэд оршин суудаг амьжиргааны баталагаажих түвшнээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх боломжтой болох юм.
2 дугаар асуудал
Өнөөдөр Улаанбаатар хотод нийт 180.0 мянган өрх гэр хороололд амьдарч байгаагаас 20.0 гаруй мянган өрх нь нам даралтын усан халаалттай зуух хэрэглэж байгаа бөгөөд энэ сараас Канад улсаас нийлүүлэгдэх энэ төрлийн эрчим хүчний хэмнэлттэй зуухыг гэр хороололд шинээр нэвтрүүлэх юм байна. “60-80 м2 хүртэл халаах усан халаалттай зуух”-ыг үндсэн үнээс нь 86 хувийн хөнгөлөлттэйгээр буюу 75.0 мянган төгрөгөөр гэр хороололд амьдарч байгаа иргэдэд худалдан борлуулах шийдвэрийг Үндэсний хорооноос гаргалаа.
3 дугаар асуудал
2011-2012 оны халаалтын улиралд 70.0 орчим мянган өрхөд сайжруулсан зуух худалдан борлуулсан бол энэ жил 55.0 мянган бүрэн шаталттай зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа сайжруулсан зуух борлуулах төсөл дуусч цаана нь дахиад 45.0 мянга орчим өрхөд сайжруулсан зуух худалдан борлуулах шаардлага тулгарч байна.
Иймд стандартын шаардлага хангасан, хэрэглэгчдийн эрэлт их байгаа “Хас”, “Өлзий”, “Дөл” зуухнуудаас нэмж 17.0 мянган ширхэгийг 2012 онд багтаан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулж, иргэдэд үзүүлэх хөнгөлөлт буюу татаасыг Мянганы сорилтын сангийн төслийн үргэлжлэл болгон Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”-гаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр нийслэлийн гэр хороололыг зуухаар бүрэн хангах ёстой ажил сүүлийн 2 жилд багтан дийлэнх буюу 85 хувь нь хангагдаж байгаа юм. Энэ хэмжээгээр гэр хороололоос үүдэлтэй агаарын бохирдол буурах үндэслэл байгаа гэж Үндэсний хороо үзэж байна.