Нэг айлын хоёр хүүхэд угаартаж нас барсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд оршин суудаг нэг айлын гурав болон дөрвөн настай хоёр хүүхэд нас барсан дуудлага мэдээлэл өчигдөр /2024.05.09/ 13.00 цагийн орчимд бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар бага насны хоёр хүүхэд угаартаж нас барсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 2024 оны дөрөвдүгээр сарын 25-нд бага насны хүүхэд гэртээ угаартаж, харамсалтайгаар нас барсан. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 11.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүмүүс угаартсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж ажиллахад тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартсан байдалтай байжээ. Тэдэнд эмнэлгийн байгууллагын яаралтай тусламж үзүүлсэн боловч харамсалтай нь бага насны хүүхэд нас барсан байсан гэдгийг албаныхан мэдээлж байв.