Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөлөөс дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд өгсөн дүгнэлт, зөвлөмжийн талаараа өнөөдөр танилцууллаа.
Ирэх оны улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 26 их наяд төгрөг байна гэж зөвлөл тооцсон бол Засгийн газрын боловсруулсан төсвийн хүрээний мэдэгдэлд 29 их наяд төгрөг гэж үзэж, дагаад зарлагыг ч өсгөжээ. Харин зөвлөл зарлагын өсөлтийг багасгаж, орлого нэмэгдэж буй үед ирээдүйд учирч болох эрсдэлийг харгалзан хуримтлуулах нь хамгийн оновчтой гэдгийг онцолж байна.
Түүнчлэн энэ жил 78 сая тонн, дараа жил 80 гаруй сая тонн, цаашлаад 100 гаруй сая тонн нүүрс экспортлох боломж бодитой эсэхэд эргэлзэж байна. Мөн дунд хугацаандаа төсвийн бодлогоо зөв барьж чадвал Улсын төсөв, өр, тогтворжилт гээд олон асуудлыг шийдэх боломжтой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ байдал хангагдсангүй гэдгийг ТТБЗ-ийн гишүүн, СЭЗИС-ийн зөвлөх багш Ж.Дэлгэрсайхан хэлэв.
Мөн хуулийн хугацаанд буюу гуравдугаар сарын 15-нд зөвлөлөөс Монгол Улсын макро эдийн засгийн таамаглалыг гаргаж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад шаардлагатай суурь баримт бичгийг бэлдсэн байна. Гэтэл үүнийг баримтлан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах ёстой ч бодит байдал дээр энэ нь зөвлөлийн өгсөн тоонуудтай нийцтэй бус байна.
Орлогыг хэт өөдрөг таамагласнаар уул уурхайн салбарт цохилт үүсэхэд томоохон асуудалд ордог байдал үргэлжлэхүйц төсвийн хүрээний мэдэгдэл оруулж ирсэн гэж дүгнэжээ.
Зарлагыг хязгаарлах ёстой гэж үзэж байгаа ч одоо оруулж ирээд буй төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл дээр зарлагыг цааш нэмэгдүүлэхээр харагдлаа. Үүнд анхаарах ёстой гэдгийг сануулж байлаа.
Энэ жил 78 сая тонн, дараа жил 80 сая тонн нүүрс экспортод гаргаж чадахгүй бол эдийн засгийн өндөр өсөлт, төсвийн орлого, зарлага эргэлзээтэй, сөрөг үр дагавар их байх магадтай аж.