Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотод 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдав.
Үндэсний их баяр наадмын стандарт, дэг жаягийн дагуу зохион байгуулагдсан уг наадамд 128 бөх, 60 сур харваач, 250 шагай харваач оролцож хурд, хүч, уран мэх, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорилоо. Монгол өв соёл, зан заншлаа ирээдүй үр хойчдоо өвлүүлэн үлдээх, Монгол Улсаа хилийн чанадад сурталчлан таниулахад чухал ач холбогдол бүхий уг наадмыг Европын улс орнуудад оршин суугаа монгол, гадаадын иргэд зэрэг 5000 хүн үзэж сонирхсон болно.
Дэлхийн Монголчуудын наадмыг хамтран зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Монгол Улсаас Европын улсуудад суугаа ДТГ-ууд, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ, Монголын үндэсний бөхийн холбоо,Монголын үндэсний сурын холбоо, Монголын шагайн харааны холбоо, хамтлаг дуучид болон Европын улс орнуудад оршин суугаа монгол иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.