Дэлхийн номын өдөр тохиож байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд 4 дүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг. Эл өдрийг тохиолдуулан дараах номыг уншигчдадаа санал болгож байна.
Ч.Галсан "Хөх тэнгэр сонсож бай"
Тус романыг анх герман хэлээр 1988 онд, 1997 онд “Der blaue Himmel” нэрээр хэвлэгдсэн байна. Уг романы тухай Шпийгель (Толь) сэтгүүлд: “Үнэр ялдам, өнгө хурц, үйл явдлаар халгим цалгим байна. Хэн нэгэн ид шидтэн холын холоос Германы орчин үеийн утга зохиол руу цоо шинэ салхи илгээсэн мэт эрч хүчтэй мэдрэмж төрүүлж байна” хэмээн бичжээ.
Энэ роман зохиолчийн хамгийн олон буюу 15 хэлээр хэвлэгдсэн бүтээл юм.
Г.Аюурзана "Монгол хүн" гурван боть
2023 оны арваннэгдүгээр сард уншигчдын хүртээл болсон “Монгол хүн” цуврал. Энэ нь дараах гурван номоос бүрдсэн багц юм. Монгол хүн: Үндэсний үзэл бодол, Монгол хүний эрхэм чанарууд "Монголын нууц товчоон"-д, Монгол хүн: Худам бичгээс гүн сэтгэлгээ рүү".
У.Бямбаням "Дурсамжийн газрын зураг"
Амьдралынхаа нэгээхэн хэсэгт гацаж түүртсэн залуу аялалд гарахаар шийднэ. Түүний аялал зүгээр ч нэг аялал байсангүй. Аяллаа зуун жилийн өмнө Европт суралцаж байсан зохиолч Дашдоржийн Нацагдоржийн дурсамжаар замчлуулжээ. Тэрээр өөрийн дурсамжуудыг нэхэн санаж, өнгөрсөн амьдрал дахь болон өнөөдрийн өөртэйгөө чин үнэнчээр нүүр тулахаар хичээх ч хувь дурсамжууд нь нэгдэн томорсоор улс орны хүндхэн дурдатгал руу хөтлөх ажээ.
Жангар редакц "Эх орон"
Уншигч та өөрөөсөө "Эх орон гэж юу вэ?" хэмээн асууж үзээрэй. Эл асуултад хариулах тийм ч амархан биш болов уу. Хүүхдийн номын Жангар редакц чухамхүү энэ асуултад хариулахад туслах "Эх орон" танин мэдэхүйн зурагт номыг бүтээжээ.